-Та нийтийн тээврээр байнга үйлчлүүдэг?
Үнэхээр тийм. Ажлаасаа ирж очих гээд өдөрт бараг 3 цаг метро, автобусаар явдаг. Бээжингийн тээврийн хэрэгслийн зохион байгуулалт, дэг журам бахархмаар сайн. Ийм их зорчигч байхад хүндрэл бараг гарахгүй. -Түгжрэл гарахгүй гэж үү?
Түгжрэл бол гарна л даа. Гэхдээ харьцангуй ховор, гарсан ч дор нь л зохицуулчихна. Цагдаа нар нэг их харагдахгүй, жолооч нар өөрсдөө л зохицуулаад, нэгнээ дуртайяа урдаа оруулаад, өөрөө эвтэйхэн байраа эзлээд явчихна. Улаанбаатар хотын гудамжинд бол шүргүүлсэн, мөргөлдсөн машинууд нилээн таардаг даа. Би энд 6 сар болохдоо тийм машинууд бараг хараагүй. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох соёл нь их өндөр юм билээ. Бас автобусны үйлчилгээ нь үнэхээр журамтай. Нэг буудал дээр маш олон автобус зогсоно шүү дээ. Гэсэн ч ямар ч хүндрэл гарахгүй. Жишээ нь 56 дугаарын автобус байлаа гэхэд заавал тэмдэг тавьсан газраа л зогсоно. Зорчигчид нь ч бас яг зогсдог газар нь хүлээж байгаад л дугаарлаад орчихно. Яг л дэлгүүрт очерлож байгаа шиг. Чихэлдэнэ, дайрна гэсэн ойлголт байхгүй. Оны өмнө хүмүүс автобусанд цөөхөн суудаг байснаа үнэ нь хямдарснаас хойш зорчигчид нэмэгдсэн нь ажиглагдсан. Бээжинд өдөртөө 14.000 автобус, 60.000 такси, нийтдээ 3 сая гаруй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд оролцдог гэсэн тооцоо байдаг юм билээ.
-Автобус, такси бас хүн тэрэг хүртэл нийтэд үйлчилдэг байхаа?
Хүн тэрэг ч бас биш юмаа. Эднийхээр мөди гээд мотоцикл маягийн тэрэгний ард 2 хүн суух бүхээг суурилуулсан унаа явдаг. Манайх автобусны буудлаас бас 20-30 минут алхах зайтай. Автобуснаас буугаад яарсан үедээ мөди-д суунаа. Хотын төв орчимдоо 5 юань, захдуу хорооллуудаар бол 3 юань-аар үйлчилдэг юм билээ. Гэхдээ мөди хол зайд явдаггүй, 2,3 буудлын зайд л үйлчилдэг юм билээ.
Бээжин хотын өөр сонин гэвэл шинэ хорооллууд маш ихээр баригдаж байгаа дүр зураг. Хятадын ард түмэн үнэхээр хөдөлмөрч ард түмэн юм. Өглөө үдэшгүй ажилласаар маш том хорооллыг дор нь босгочих юм. Хамгийн гол нь зүгээр нэг орон сууц бариад орхичихгүй, цогцолбороор нь шийдэх юм. Сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо, бассейн, гоо сайхан, хөгшдөд зориулсан сүүдрэвч гээд хүний амжиллаж амьдрах бүхий л нөхцлийг бодолцож босгох юмаа. Манайх байшин барилга их барьдаг болсон. Тиймээс санаа авч хэрэгжүүлэхээр юм маш их байнаа.
-Энэ хавар сэрүүхэн байлаа шүү?
-Харин тийм. Бээжин хотын цаг агаар нь нэг талаар Монголтой төстэй. Тэнд хүйтэрлээ гэвэл 2 хоногийн дараа энд хуйсгануур хүйтэн болох жишээтэй.
-За ингээд бидний яриа өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт оролцож Бээжин хотын талаар сэтгэгдлээ хуваалцсан Энхтуяа мэргэжилтэнд баярлалаа. Бээжин хотын хаврыг тавтай өнгөрүүлээрэй. Эрхэм сонсогчид оо, 5 болоод 10 дугаар сарыг Бээжин хотын хамгийн сайхан улирал гэх юм билээ. 4 дүгээр сар дундаа орчихлоо. Та Бээжин хотод ирэхээр төлөвлөж байгаа бол, зав гарган гудамжаар нь заавал алхаарай, үүргэвч үүрээд, тан хү лү авч хүлхсэн шиг алхахад Бээжин хот зүгээр шүү.
Эрхэм сонсогчид оо, Та бүхэндээ Найрамдлын гүүр нэвтрүүлгийн Харийн хүний нүдээр булангаа хүргэлээ. 1 2 3
|