Бээжин хотод халуун эхлэхтэй зэрэгцэн тал нутгийн сэвэлзүүр салхи санагдах боллоо. Тэгээд монгол хүн болсны хувьд өвөг дээдсээс онголон шүтэж ирсэн Ордос нутагт хүрээд ирье үү гэж аяны богцоо үүрэн замд гарав. ӨМОЗР-ны Ордос аймгийн Эзэн хороо хошууны нутагт Чингисийн онгон бий. Хөх хотоос 300 гаруй км зайтай. Хөх хотын авто вокзалаас Дүншин гэх жижиг хот хүрэх автобусанд сууваа. Майн баяр дөхөөд тэрүү ер нь л ийм байдаг уу, автовокзалаар цүнх саваа чирсэн ардууд пиг, Дүншин хүрэх автобус ядах юмгүй хурдан дүүрч яг л цагтаа хөдөллөө. 3 цаг хагас явдаг юм байна. Дүншингээс Чингисийн онгон хүрэхэд чиглэлийн унаа сольж дахин 40 орчим минут явах юм. Хятад орны урд мужуудын нутгаар явахад замын хажуугаар нэг бол хот суурин, нэг бол тариан талбай таардаг санагдана. Харин Чингисийн онгон хүрэх замын тэмдэг, заалтуудыг нь ягштал сайхан байрлуулсан шинэхэн хурдны замын хажуугаар бол дөнгөж суулгасан нялх модод, мод суулгаж буй хүмүүс, эгнэн ургасан мододтой ой л элбэг юм. Хятадын Ойн аж ахуйн ажил эрхэлсэн яамны орлогч сайд Өвөрмонголын Ордост 2 жилийн өмнө байхаа болсон Бүх Хятадын цөлжилттэй тэмцэх хурал дээр ирэх 5 жилд цөлжсөн 13 сая га газрыг ургамалжуулж, нөхөн сэргээнэ гэж хэлж байхыг нь зурагтаар харж байсан юм. Яам 5 жилийнхээ ажлын ид дунд яваа нь энэ бололтой. Энэ нутгийн хөрс шороо нь хээрийн элсэрхэг, улаан хөрстэй юм билээ. Гэсэн ч ирийтэл тарьсан модод нь сайхан ургаж эхнээсээ ой болох өнгөндөө оржээ. Улаан элстэй газрыг ингэж сайхан ойжуулахад ямар их хөдөлмөр зараа болоо.
1 2 3 4 5 6 7 8
|