Бугат хот 70-аад мянган монголчуудтай. Хотын нийт хүн амтай харьцуулахад их биш тоо. Гэвч ганц дайчин ганцаарддаггүйн үлгэрээр монгол өв соёлоо хадгалан хамгаалахад маш их анхаардаг нь илэрхий. Үндэстний хэл соёлын хүрээлэнгийн монгол хэлний тасгийн дарга Мөнхөө гуайтай 2 цаг гаруй хөөрөлдсөн юм. Хөөрөлдсөн ч юу байхав, энэ хүн монгол хэл, соёл гээд л асуултаа эхлүүт өөрөө яриад эхэлсэн. Асуулт тавьж дунд нь арайхийн хэд таслаагүй бол энэ сэдвээр хичнээн цаг ч ярьж мэдэх хүн байна. Өв соёлынхоо тухай ярихдаа сэтгэл нь хөдөлж, хөөрч, догдолж байгааг нь харахад сэтгэлд дулаахан бахтай байсан. Монгол хэл, соёлоо гэсэн эрхэм санаа цусанд нь хүртэл буцалж байх шиг ийм хүмүүстэй таарахад эрхгүй хүндэтгэх сэтгэл төрдөг юм.
1 2 3 4 5
|