• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цайны нутаг-Аялал жуучлал-Бүтээн байгуулалт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-02 18:47:11

2. Бүтээн байгуулалт өрнөсөн Хуайбинь

2017.4.25-ны өдөр. Аян замын алжаалдаа ядарсан хэдий ч тухтай сайхан амарсан болохоор бие хөнгөн сэргэлэн цовоо гэгч нь эрт босов. Утаа, манангийн алиныг бүү мэд, тэнгэр бүрхсэн бүүдгэр өглөө байлаа. Манай сурвалжлах баг олон үйлдвэр, бүтээн байгуулалттай танилцах учраас хурдхан цайлчихаад зорьсон ажилдаа яарав.

Хуйабинь шянь нь Хятадын долоон том гол мөрний нэг болох Хуайхэ голын эхэнд байрладаг эхний усан боомт юм. Бид өрнө-дорно, өмнө-умардыг холбосон "Хуайбинь боомтод түшиглэсэн эдийн засгийн бүс"-ийн ерөнхий төлөвлөгөөний дор бүтээн байгуулах төслүүдийн нэгэн хэсэг болох Хөлөг онгоцны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцахаар боомтонд очиход бороо дусаж эхлэв. Монголчууд алив зүйлийг учир шалтгаантай нь холбон тайлбарладаг билэг төгөлдөр ард түмэн учраас миний бие ч бороог ихэд билэгшээв.

Энэ өдөр бид 3 км орчим урт, 10 метрийн өргөнтэй Хуайбинь Хуайхэ гүүрийн бүтээн байгуулалт, "Хэнан Чан Жиа" газар тариалан хөгжлийн компанийн цавуулаг багатай улаан буудайн тариалан хийгээд бүтээгдэхүүний үйлдвэр зэрэгтэй танилцаж, мөн бүтээгдэхүүний дээжээс нь амталлаа.

Мөн өдрийнхөө үдээс хойш 30-аад минут яваад хүүхэд насандаа зуны амралтаараа уулнаас түүж тоглодог байсан "цайны ягаан"-тай адил цэцэг алагласан талбайд хүрч очсон бөгөөд энэхүү цэцэг нь эмийн ургамлын нэгэн төрөл буюу зөвхөн зөгийнд зориулан тусгайлан тарьж ургуулдаг аж. Энэ ягаан цэцгийн тоосыг хүртсэн зөгийн балны өнгө нь ч, амт нь ч өвөрмөц байлаа.

Гэх мэтчилэн үзэж танилцсан олон үйлдвэр, бүтээн байгуулалтаас хөлөг онгоцны үйлдвэр онцгой санагдав. Учир нь монгол улс далайд гарцгүй орон. Хөвсгөл далай дахь их жанжны нэрээр нэрлэгдсэн Сүхбаатар онгоцыг эс тооцвол томоохон хөлөг онгоцыг ойроос харж, бүр үйлдвэрийг нь үзэх боломж эс олдож байжээ. Энд тэндгүй барилга бүтээн байгуулалт өрнөх завгүй их ажлынхаа дундуур бидний хэсэг сурвалжлагчдыг хүлээн авч ажлаа танилцуулахаар бэлтгэж танилцуулга сэлтээ тараах нь хийх бүтээхийн зорилготой, хичээнгүй хөдөлмөрчийн илрэл байв.

Хийж бүтээхийн эргэлтгүй зам дээр зогссон Хуайбинь усан онгоцны үйлдвэр 1950-иад оны дунд үед байгуулагдаж байжээ. Хуайбинь боомт ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд тус боомтоор дайран өнгөрөх ачаа барааг хөлөг онгоцны тавцан дээр ил задгай ачиж тээвэрлэдэг байжээ. Тэгвэл одоо хэд дахин илүү тонн ачааг чингэлэгтэй нь тээвэрлэж, хадгалах хүчин чадалтай ачаа тээврийн хөлөг онгоц үйлдвэрлэх үйлдвэр ид баригдаж байна.

Тус үйлдвэрийг ашиглалтанд оруулах нь "Хуайбинь боомтод түшиглэсэн эдийн засгийн бүс"-ийн хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг юм. Бид эндээс цааш цавуулаг багатай улаан буудайгаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр лүү явав. Тайваний хөрөнгө оруулалттай нилээд далайцтай үйлдвэрлэл явуулдаг тус үйлдвэр нь цавуулаг багатай улаан буудайн гурилаар төрөл бүрийн жигнэмэг хийдэг аж. Үүнээс гадна архи, хулсаар сүлжиж хийсэн төрөл бүрийн сүлжмэл эдлэлүүд /түшлэгтэй, дүүжин сандал, ширээ гэх мэт/ зэрэг бас бус бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч энэ удаад бид зөвхөн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй л танилцсан юм.

Тоног төхөөрөмж нь хүнд, нүсэр биш, бас хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нь харагдаж байв. Гурилаа зуурагч машинд хийж технологийн дагуу зуурч, бэлэн болсон зуурмаг хавтгайлагдан конверээр дамжин ижил хэмжээтэй хэвлэгдэн гарч ирсэн жигнэмэгийг шарах шүүгээнд хийнэ. Шарах шүүгээнээс гарсан төрөл бүрийн жигнэмэг хаяг шошготой уутанд савлагдсаны эцэст хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болно. Үүнээс 4 төрлийн жигнэмэг нь чихрийн шижинтэй хүмүүс ч идэх тохиромжтойгоороо онцлогтой аж.

Бид тэндээсээ гарч дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хийх гол түүхий эд болох цавуулаг багатай улаан буудайг тарьж, хураан, гурил болгон 4 үйлдвэрт нийлүүлдэг хамгийн гол компанитай танилцлаа. Тус компани тариачдад тохирсон хөлсийг нь өгч тариагаа тариулж, бас хураалгадаг. Энэ нь тариачдыг тогтмол орлоготой, ажлын байртай болгох зорилготой. Тариачид ч тарьж, хураасан тариагаа хаана яаж зарах вэ гэж санаа зовох зүйлгүй, урам зоригтой, итгэл төгс ажлынхаа үр шимийг хүртэнэ гэсэн үг. Энэ нь нэг талаар тариаланч болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг холбох, нөгөө талаар хот, хөдөөгийн иргэдийн амьдралын түвшин, амьжиргааны эх үүсвэрийн ялгааг багасгах зорилго бүхий нэгдсэн бодлого гэж хэлж ойлгогдож байв. Иргэн баян бол улс баян гэдэг.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе