• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цайны нутаг-Аялал жуучлал-Бүтээн байгуулалт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-02 18:47:11

3. Цайны тариалалт-аялал жуулчлал цогцолсон Тянпү тосгон

2017.4.26-ны өдөр. Сэтгэл хөдөлгөсөн олон сайхан газруудаар явахдаа жирийн нэгэн иргэний хувиар юу эсийг бодож, харж явах билээ. Эх орон минь үзэсгэлэнтэй олон сайхан газруудтай ч жуулчдын сонирхлыг таттал тохижуулж, ая тух, аюулгүй байдлыг хангасан нь хэд байгаа бол. Ойрхон нь Цонжинболдог, Тэрэлж, хол нь Хөвсгөл. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ, тийм ч бодлого, төсөл гээд сүртэй ярьдаг ч бодит ажил болж байгаа нь бараг үгүй гэхэд хилсдэхгүй байх. Нутаг орноо муучлах гэсэнгүй. Сэтгүүлч хүн, нөгөө талаар гадаадын иргэний хувиар хаа газар явахдаа алив сайн сайхныг нь олж харж нутаг орондоо хийж, хэрэгжүүлж болох боломжтой зүйлсээс санаа авч, асууж сонирхож явлаа. Харин энд сөхөж байгаа сэдэвтэй холбоотой мэдээллийн талаар энэ тэрийг хайж үзэж байхдаа төлөвлөдөг, төлөвлөснөө хийдэг ард түмэн юм байна гэдгийг ойлгож авсан юм.

Хятад улс 2015 онд "2020 он гэхэд улсын хэмжээнд 150 мянган тосгонд аялал жуулчлал эрхэлдэг 3 сая айл өрхийг бий болгож, тэдгээр нь жилдээ давхардсан тоогоор 2 тэрбум гаруй жуулчид хүлээн авч, 1 триллион гаруй юаний ашиг олж, үр шимийг нь 50 сая иргэд хүртэнэ" гэж мэдээлж байжээ. Тэгвэл 2017 оны "Хоёр чуулган"-ы үеэр Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын дарга Ли Жиньзао хэлэхдээ "Хятад улс өмнө нь голдуу аялал жуулчлалын цэг болон үзэмжит бүсийн жуулчлалыг хөгжүүлж байсан. Гэвч одоо аялал жуулчлалын цэг, үзэмжит бүс нь өнөөгийн шинэ нөхцөл байдал дахь эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болжээ. Өдгөө Хятад улсын аялал жуулчлалын бүтцээс харахад жуулчлалын цэгүүд болон бусад газарт жуулчлах иргэд 80 хувийг эзэлж байгаа бөгөөд ихэнх хүмүүс зочид буудалд биш харин иргэний орон сууцанд байрласан байна. Иймээс бид аялал жуулчлалын цэгүүдээс нийт нутаг дахь аялал жуулчлалын хэлбэрт шилжих хэрэгтэй болж байна гээд энэ байдлыг зохицуулахын тулд Хятад улс өдгөө 21 мужид "Аялал жуулчлалыг хөгжүүлэх комисс"-ыг байгуулаад байна" гэж хэлж байжээ.

Үнэхээр хүрч очсон хот тосгон бүрд орон нутгийнхаа давуу талд түшиглэн аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх бүтээн байгуулалт ид өрнөж байгааг харж явлаа. Манай сурвалжлах багийнхан бүтээн байгуулалт ид өрнөж байгаагийн жишээ болсон Шин Ян хотын Шиншяны Тянпү тосгонд хүрч очлоо.

Тосгон руу очих зам нь шигүү ургасан ойн мод бүхий уулан дундуур тавьсан нугачаа, өгсүүр, уруу, огцом эргэлт ихтэй учраас "Диснейн галзуу хулгана"-д суучихав уу гэлтэй дотор эвгүйрч, зүрх дэлсэж явсаар ирэхэд ширэнгэн ой мэт шигүү ургасан битүү ногоон моддын үнэр, сэнгэнэсэн агаар дотор уужруулан угтлаа. Тус тосгонд нилээд байшин харагдах ч хүн цөөхөн, хөл хөдөлгөөн багатай байлаа. Хааяа нэг тахиа дуугарч, урьд өмнө сонсож байгаагүй шувуудын жиргээ, салхинд шуугих ойн чимээ сонсогдож, ер бусын сайхан үнэр үнэртэхийн зэрэгцээ, эргэн тойрны байгалийн үзэмж амар амгаланг мэдрүүлнэ. Тосгон хүрэх замд хямарсан бие минь сонин шийдэл бүхий байшингууд, орчны үзэмжинд тайвширч дахин сэргэлээ. Тосгоныхон 1-5 дахь өдөр талбайдаа гарч цайгаа хураана. Харин амралтын 2 өдөр жуулчдын хөлд дарагдана. Хүн хөл багатай байсны учир нь бид ажлын өдөр очсон учраас тэр аж.

Хамгийн түрүүнд "Бүгдийг-нэгийг ч аялал жуулчлалд" уриа бүхий "Дабе уулын аялал жуулчлалын парк" гэсэн самбар нүдэнд туслаа. Биднийг Шин Янд ирсэн цагаас үзэх харах, уулзаж танилцах бүх зүйлийг зохицуулж яваа хөнгөн шаламгай хөдөлгөөнтэй, хөөрхөн нь аргагүй инээмсэглэж урд хойно орж гүйх Шин Ян хотын радио телевизийн хорооны гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Ван Шүжүн бүсгүй, тосгоны захиргааныхны хамт газарчлан айлуудаар оруулж байлаа. Айлд юу үзнэ гэж үү?

Дээр хэлсэнчлэн амралтын өдрүүдээр жуулчдыг хүлээн авахад зориулан тосгоны захиргаанаас барьж тохижуулж өгсөн басхүү нилээд загварлаг 2-3 давхар /монголын баячуудын амьдардаг хаустай адил/ байшиндаа байрлуулж, хоол ундаар үйлчилж, өөрсдийн гараар урлаж хийсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн жижигхэн дэлгүүртээ урьж байлаа. Байшингийн дундуурх явган хүний зам нь 1,5 м хирийн өргөнтэй нарийхан ч жижигхэн ачааны машин өлхөн багтчихаар бөгөөд ачаагүй хоосон төмрөн тэвшээ тачигнуулан пэжигнүүлж сигналаа орилуулсаар сүртэй гэгч нь өнгөрөх нь инээдтэй. Бидний орсон айл бүр өөр өөр төрлийн бараа бүтээгдэхүүн бүхий дэлгүүртэй.

Манай багийнхан хамгийн эхний байшинг хараад л дуу алдан сонирхоцгоож, зургаа даруулав. Гурвалжин дээвэртэй жижиг байшин. Хаалганы харалдаа дээд талд ганц цонхтой, байшингийн ханыг түшүүлэн унадаг дугуй, түшлэгтэй жижиг сандал тавьсан байна. Үнэхээр өвөрмөц, сонин шийдэл байгаа биз.

За тэгээд цаашлаад хүүхдийн цэцэрлэг, номын сан, шавар шаазан эдлэл, хулсны модоор сүлжиж хийсэн төрөл бүрийн сав, сагс, малгай, дэвүүр, этгээд сонин хэлбэр хийц, зураг хээтэй чихмэл тоглоом, дэр, жинтүү, тэсэрдэг чихэр, бэлэг дурсгалын зүйл гээд тоочоод байвал их.

Харин дуу хөгжим сонирхдог миний хувьд тэр нэг айл онцгой их сонирхлыг минь татаж түр саатахад хүргэсэн юм. Бээжин хотоос 1000 илүү км алсад өндөр уулс, битүү модон дотор эвлүүлсэн тоглоом тавьсан мэт цайны тариалангийн талбай бүхий хятадын нэгэн тосгонд 70-аад оны Америкийн уянгын рок-н-ролл дуу эгшиглэж байхад гайхахгүй, саатахгүй байж яаж чадах билээ. Яваад орлоо. Алтан шаргал өнгөтэй том цагаан хоолой, улаан хүрэн ширээ бүхий пянз тоглуулагч дээр бага зэрэг сэнсэрч, тоосонд дарагдсан пянз эргэлдэж байв. Ард талд нь "Ресторан", "Зүүн ази зочид буудал" гэж хятад ханзаар бичсэн олон хаяг бүхий эзэнгүй хоосон гудамжны зургийг хана дүүргэн наасан нь Америкийн Нью-Йорк хот дахь хятад хорооллын нэгэн гудамжинд зогсоо мэт сэтгэгдэл төрүүлэв. Өрөөний голд сонирхлыг минь татаж саатуулсан өнөөх хуучны пянз тоглуулагчийг байрлуулсан байв.

Алс холын цай тариалах тосгонд зорилгоо умартан аяга кофе уунгаа уянгалаг сайхан америк рок-н-ролл дуу сонсож суух тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж үүнийг л хэлэх байх даа.

Хэл өөр ч сэтгэл нийлж чадсан бидний 13 уран бүтээлч таван мянга гаруй км замыг туулсан аялалаа Шин Ян хотоос эхэлж, тус хотод 4-р сарын 28-наас 5-р сарын 1-ний өдрүүдэд болох "Цайны фестивал"-ийн 25 дахь удаагийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсоноор өндөрлөсөн юм. Энэ удаагийн аялалыг "Байгалийн үзэсгэлэнт цайны нутаг-Аялал жуулчлал-Бүтээн байгуулалт-Хөгжил дэвшил" гэж томъёолон хэлбэл таарах буй за.

Инээд хөөр, дуу хууртай, богц дүүрэн мэдээлэлтэй цайны нутгаар аялсан аялалын сонин сайхнаас товчхон хуваалцлаа.

 


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе