• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бүрх малгайтай хүн"

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:24:21

/Өгүүллэг/

Зохиогч: Э.Үржинханд

     "-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?" хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:

     "-Пээ, Та хоёр чинь яасан их уддаг юм бэ, одоо амжих уу?" гэхэд Цэнгэл инээд алдан:

     "-Санаа зоволтгүй ээ, шувуу шиг нисээд л хүрчихнэ, найз нь болдог бол нисмээр л байна шүү " гээд хөгжилтэй инээмсэглэхэд Болорын найз залуу болох Мөнхөө угтан авч:

     "-Оюунаа ч чамайг их санасан байгаа даа" гээд Болор луу хандан хөгжилтэй инээнэ.

     "-За, тэгвэл хурдан нисээрэй" гэх зуураа Болор машины толинд харж, үсээ илэхдээ өнөөх хүнийг гэнэт олж харав. Тэр хүн яах аргагүй наашаа харж байгааг мэдсэн Болорын царай барайн илт сандрахдаа бушуухан нүдээ буруулав.

     Олон Улсын тэмцээнээс шагналаа тэвэрсээр ирж буй найз бүсгүйгээ угтах гээд догдлон буй Цэнгэл түүнийг эс анзааран онгоцны буудлын зүг жолоо заллаа. Нуруугаар нь хүйт даах мэт болж, бяцхан айдас Болорыг нөмрөхөд Мөнхөө, Цэнгэл хоёрт хэлэхээр завдан үл ялиг чичирхийлэн байж:

     "-Сая тэнд..." хэмээн дөнгөж хэлж эхлэхтэй нь зэрэгцээд Цэнгэл айдас байтугай ямар ч муу юм тогтохын аргагүй баярласан хүний бахдалтай чанга дуугаар:

     "-Арын суудал руу хараач, ямар вэ дээ?" хэмээн инээд алдан хэлэхэд Болор хөөр баяр болон яваа найздаа таагүй зүйл хэлж түвдэлгүй чимээгүйхэн эргэж харвал өнгөн өнгийг гайхалтай хослуулсан томоос том цэцгийн баглаа нүдэнд нь тусав. Өөрийн эрхгүй сэтгэл нь сэргэж:

     "- Хүүе ээ, Ямар гоё юм бэ? Миний найз чинь үнэхээр мэдрэмжтэй юм аа. Чи ч манай Мөнхөөгөөс сайн суралцаж байна шүү" хэмээн хөгжилдсөөр харь орноос ирж буй Оюунаагаа хэрхэн угтах тухай элдвийг ярилцахын хамт мөнөөх айдас түгшүүр нь үүл мэт замхарлаа. Энэ мэт байдлаар Болор хэн нэгэн үл таних этгээд дагаад байгаа тухай хэнд ч хэлэлгүй явсаар л. Чингээд хаа нэгтээ санамсаргүй тааралдах болсон тэр хүн алга болмогц Болор энэ тухай хэсэгтээ л ор тас мартана.

     Бүрх малгайтай, дөлгөөн харцтай, ядруу царайтай энэ хүнтэй хэзээнээс эхлэн дайралдах болсоноо сайн мэдэхгүй ч, яагаад ч юм сүүлийн үед нэлээд ойр ойрхон, бүр заримдаа өдөр бүр шахуу тааралдах болсон нь санамсаргүй гэхэд арай л олон удаа гэмээр хачин жигтэй санагдах болсон юм. Гэвч Болороо элдвийг бодохыг хүсэхгүйн дээр "-Хүмүүс зөрөлдөж л байдаг, өдөрт хүмүүс хичнээн тааралдахыг алийг тэр гэх вэ" хэмээн өөрийгөө тайвшруулна.

     Түүнтэй тааралдсан бас нэг өдөр Болор ээждээ энэ тухай цухас дурьдахад ээж нь бяцхан мөнгөлөг хайрцагийг их л нандигнан арчингаа инээмсэглэн:

     "-Хүмүүс бишгүй л тааралддаг шүү дээ. Энэ Надмид эгч чинь байна шүү, сүү авах болгонд надтай тааралдсаар байгаад найзууд болсон шүү дээ" гээд хөгжилтэй инээснээ ямар нэг зүйл санасан бололтой царайгаа төв болгож:

     "-Гэхдээ миний охин гадуур болгоомжтой явж байгаарай. Одоо чинь элдвийн л юм сонсогдох болж" хэмээн анхааруулаад Болорын дэргэд ирж суув. Тэгээд мөнөөх бяцхан хайрцагаа онгойлгож, гоёмсог болор шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмгийг гаргаж ирсээд бодол болон гөлөрч:

    "-Уг нь хоёулаа байсан бол... "гэж өөрийн мэдэлгүй барим тавим хэлэв.

    "-Ээж ээ, та сая юу гэсэн бэ?" хэмээх Болорын дууг сонсоод үл ялиг цочих мэт болсноо:

     "-Аан.., энийг хар даа. Гоё байгаа биз? Охиныхоо хуриманд зориулж яг иймийг хийлгэнэ ээ" гэв.

     "-Ийм гоё ээмэгнийхээ өрөөснийг та яасан юм бэ" гэхэд ээж нь ямар нэг зүйлд санаа зовних шиг гуниглангуй шүүрс алдаж:

     "-Дээр үед гээчихсэн юм аа" хэмээн сонсогдох төдий хэлмэгцээ босоод явчихав.

     Өдөр хоногууд ар араасаа хөвөрсөөр. Орчлонгийн хүмүний барагдашгүй ажил төрөл, амьдрал хэвийн үргэлжилсээр ахуйд бүрх малгайтай хүн бүсгүйд мэдэгдэлгүй сэм дагасаар байгааг Болор төсөөлөх ч үгүй явлаа.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе