• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бүрх малгайтай хүн"

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:24:21

     Зуны цэлмэг өдрийн аагим халуун нар зулай төөнөсөн нэгэн өдөр Болор тортой юмаа дааж ядан залхуутайяа алхаж явахад гар утас нь хангинан жингэнэв. Тэрээр Оюунаад:

     "-Та нар хаа явна? Хурдан намайг ирж аваачээ. Энэ халуун наранд чинь хайлах нь байна шүү. Аа тийм, ундаа ч юм уу, ус ч юмуу нэг уух юм авчраарай. Би нөгөө цэцэрлэгийнхээ гадаах сандал дээр хүлээж байя" гэв. Хөлөө амраахын хүслэн болж явсаар зорьсон газраа ирээд цэцэрлэгийн хашааны өмнөх саглагар модны сүүдэр дэхь модон сандал дээр намсхийн суув. Энэ үед бүрх малгайтай хүн Болорт өчүүхэн ч гэсэн дөхөх, бас тус нэмэр болох боломж гарсанд баярлана. Тэгээд сүүлийн мөнгөө шавхан цэвэр ус худалдаж авлаа. Харин хэрхэн Болорт өгөх учираа олохгүй хэсэг тээнэгэлзсэнээ ямартаа ч түүнийг үргэлжлүүлэн дагав. Үнэн хэрэгтээ тэрээр охинтой үргэлж уулзахыг хүсэвч, ямар ч боломж олдохгүй тул сэтгэл нь шимширч дэмий л ийнхүү дагасаар нэлээд хугацааг өнгөрсөн билээ. Уулзахын мөрөөсөл болж явсан хайртай хүмүүсээ хэрхэн яаж, хаана амьдарч буйг санамсаргүй мэдсэн тэр азтай өдрөөс хойш Базар ийнхүү охиныг дагах болсон. Заримдаа ингэж явахдаа түүнийг айлгах вий гэж эмээнэ.

     Болор халууцахын хэрээр духан дээр нь бурзайсан хөлсөө нарны сийрсэн малгайгаараа сэвж хэсэг суув. Эргэн тойрноо танадах мэт харахад ойр хавьд хүн байсангүй тул санаа амарч, сандлын түшлэг налан малгайгаа нүүрэн дээрээ хагас тавиад нүдээ хэсэг анилаа. Сэвэлзүүр салхи аагим халуунаас түүнийг сүүдэрлэн буй модны мөчир навч хөдөлгөж үе үе сэрүү татуулан үлээх нь нэн таатай. Холгүй орших замаас эцэс төгсгөлгүй зөрөлдөх машины чимээ, хаа нэгтээ хүүхдүүдийн инээлдэх дуу гээд хотын чимээ үргэлжлэн сонсогдсоор. Энэ бүхнийг чагнан түр ч гэсэн амсхийхдээ зүүрмэглэх шахсан Болор бугуйн цагаа харахаар малгайгаа авч алгуурхан нүдээ нээв. Онийн байж харвал хажууд нь шив шинэхэн савтай цэвэр ус байна. Гайхахын хэрээр нозоорсон нойрноосоо сэргэсэн Болор нүдэндээ ч итгэсэнгүй дахин харвал үнэхээр савтай цэвэр ус байх нь тэр.

     Энэ зуур учирыг үл ойлгон гайхсан Болор найзуудыхаа тухай:

     "-Юу вэ? Хаанаас энэ ус...? Эд нар одоо надаар даажигнахаар тийм хурдан ирэх болоогүй дээ" хэмээн мэдээжийн юмыг хөнгөхөн бодоод сандлаас ухасхийн босож хэд алхав. Ийш тийш хэн нэгнийг хайх мэт харвал Цэнгэл шил толь мэт ганган цагаан машинаа наранд гялбуулсаар цэцэрлэгийн булангаар тойроод айсуй. Болорын нүдэнд инээмсэглэл тодорч, малгайгаараа тэдний зүг даллаж байх хооронд Базар дэмий юм хийсэндээ самгардан мөнөөх цэвэр усыг шалмаг гэгч нь буцааж аваад сандарсандаа саглагар модны ард амьсгаа даран нуугдав.

     Болор эргэж ирэхэд мөнөөх савтай ус алга байлаа. Бүр гайхаж хоцорсон бүсгүй:

     "-Хачин юм даа, Яах аргагүй савтай цэвэр ус байсан. Энд л байсан даа, би хий юм харсан баймааргүй юм!" хэмээн өөртэйгээ ярин сандлын эргэн тойрныг нэгжиж байтал найзууд нь хэзээний хүрэлцэн ирж ямар нэг зүйл хайж мунгинах Болорыг хараад:

     "-Үгүй, Чи минь юугаа ингэтэл эрээ вэ?" гэхэд Болор саяын болсон явдлыг үнэн сэтгэлээсээ сонирхуулан ярьж өгөв. Залуус инээлдэн:

     "-За, тийм юм гэж хаа байдаг юм? Манай Болороо, ам нь цангаж халуун наранд ядарсандаа л цэвэр ус төсөөлөө биз. Алив наадахаа ..." гээд тортой юмыг нь дамжлан тоглоом шоглоом болгож инээлдсээр бүгд машиндаа сууцгаалаа. Найзууд хөдөө газар ажиллаж буй Мөнхөөг эргэх бэлтгэлээ хэр базаасан эсэхээ ярилцан ахуйд Болороо ус уунгаа:

     "-Айхтар халуун өдөр байна даа. Нөгөө хэд аль эрт ирчихээд одоо бид хэдийг л хүлээж байгаа." гээд сэрүүцэх санаатай санамсаргүй цонхоор шагайвал мөнөөх бүрх малгайтай хүн цэцэрлэгийн хашааны хаалгаар гараад модон сандал дээр суухыг олж харлаа. Үүнийг хараад цочсондоо гэнэт ар дагз руу нь ямар нэг хүнд юмаар цохих мэт болж, айсандаа зүрх нь түг түгхийтэл цохилов. Сандарсан Болор:

     "-Та нар сая нэг малгайтай хүн харсан уу?" гээд тэвдэн байж асуутал угийн наргианч зантай найзууд нь пирхийтэл инээлдэж, тэдний дундаас Цолмон тас тас хөхрөн:

     "-Харсаан. Харахаар барахуу. хажуудаа аваад явж байна" гээд түүний нарны малгайг толгой дээр нь тавиад найрсагаар:

     "-Хөөрхөн бүсгүйг нь ингэтэл ядраалаа гээд Мөнхөө хүү уурлавал яана аа" хэмээн хөгжилтэйгээр инээлдэв. Харамсалтай нь Болороог үнэхээр айдаст автан явааг дөрөвийн дөрвөн хүний хэн нь ч анзаарсангүй.

     Өвс ургамлын таатай үнэр хамар цоргисон хөдөөний гайхалтай намуун үдэш залуус машины хөгжим хангинуулан ямар нэгэн сонирхолтой зүйл ярьж байгаа нь илт байсхийгээд л нирхийтэл инээлдэнэ. Энэ үед зуны халуун өдрүүдэд гэрээсээ хол ажилласан Мөнхөө намар нижгэр хурим хийх тухай гэгээн бодолдоо хөтлөгдөнө. Чингээд найз бүсгүйнхээ мөрөөр тэврэн алхах зуур Болороо түүнд мөнөөх бүрх малгайтай хүнээс үүдсэн айдасаа төгсгөл болгож, өдрийн болсон явдлаас эхлээд тэр тухай бүгдийг Мөнхөөд ярив.

     Үүнийг анхааралтай сонссон халамжит залуу их л санаа зовнин байж, дараагийн удаад тааралдвал хэрхэвч түүнийг явуулж болохгүй. Тэгээд ямар нэг муу санаа агуулсан эсэхийг танадаж мэдээд, хэрэв тийм бол яаралтай барьж цагдаад мэдэгдэх талаар нэн чухал зөвлөгөө өглөө.

     Хүсэн хүлээсэн намар цаг ч ирдгээрээ ирж, хос залуус хуримын бэлтгэл гээд тун завгүй.

     Хуримын өмнөх өдөр. Амьдралынх нь хань болж насан туршийн жаргал зовлонгоо хуваалцах бүсгүйтэйгээ маргааш гэрлэнэ гэхээс догдлон байх Мөнхөө Цэнгэлтэй хамт ойр зуур ажил амжуулахаар төмөр хүлгээ хөлөглөн явна.

     Энэ үед ээжийхээ захиалгаар мөнгөн ээмгэний өрөөснийг авахаар дарханы газар луу Оюунаатай хамт явж байсан Болороо гэнэт мөнөөх бүрх малгайтай хүн түүний хажууханд нь байхыг хараад зогтусав. Бүрх малгайт Болороотой харц тулгармагц түргэн гэгч нь эргээд алхах нь тэр. Юутай ч энэ удаад зориг гарган тэр хүнийг юун хүн болохыг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн дагаж явлаа. Энэ зуур гар утсаа чихэндээ наан тас тас инээх Оюунаагаас нэг л мэдэхэд холдон одсон байв.
"-Одоо л юун хүн яах гэж дагаад байгааг мэдэж авахгүй бол..., Яасан ч явуулж болохгүй!" хэмээн Мөнхөөгийн хэлсэн үгийг санан санан түүний хойноос түргэн гэгч нь алхав.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе