• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бүрх малгайтай хүн"

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:24:21

     Намрын шаргал нар баруунтаа хэвийж, хос залуусын хурим болно гээд ах дүү хамаатан садан бүгдээр цуглаж, олны хөлд дарагдсан Болороогийн ээж:
"- Хүүхээ, эгч нь хичнээн дахин залгаад цаадахын чинь утас болдоггүй, хаачсан хүүхэд вэ?" гэсээр Оюунаа руу залгав. Өдөржин эрэл сурал болоод найзыгаа ололгүй тэвдэж сандарсан Оюунаа нулимсаа барьж ядан:

     "-Бадам эгч ээ, би жаахан байж байгаад эргээд залгая" гэж арай ядан хэлэв. Хуримынх нь өмнөх өдөр чанх дэргэдээсээ найзыгаа хаа одсоныг мэдэлгүй хоцорсон Оюунаа орой гэхэд түүнийг олно гэдэгт найдаж, хэнд ч хэлэлгүйгээр өдөржин хайсан нь энэ. Гайхаш нь барагдсан тэрээр чичирсэн гараар Цэнгэл рүү залгаж энэ бүхнийг хэллээ. Мөнхөөгийн гар утас дугарахад тэвдэж сандарсан Оюунаа учир нь үл ойлгогдохоор ямар нэг зүйл ярьж байснаа дуу нь тасалдан чимээгүй болов. Төдөлгүй Цэнгэл залгаж:

     "-Мөнхөө, би одоо яваад очъё. Хаашаа ч битгий гараарай, хүлээж бай" гээд хүүе гэхийн зуургүй утсаа таслав.

     Төдөлгүй хайрт бүсгүй нь бүхэл өдөржин ор сураггүй алга болоод байгаа тухай сонссон Мөнхөө давын өмнө Болорын ярьж байсан бүрх малгайтын тухай саналаа. Чингээд цагдаа сэргийлэхэд мэдэгдэн бөөн эрэл хайгуул болов.

     Харин Болор бүрх малгайтыг дагаж явсаар захын хорооллын нэгэн нарийхан бөглүү гудамжинд хүрэлцэн ирлээ. Мөнөөх хүн байн байн эргэж харан явсаар хуучин модон хашаанд орчихов. Түүнийг алдахгүйн төлөө улайран дагасан Болор гэнэт ямар газар ирснээ гайхахын зэрэгцээ дотроо түгшиж эхэллээ. Мэгдэн байж дүрлийсэн алаг нүдээ эргэлдүүлсээр үүдэнд нь дөхөж очоод хашааны завсраар шагайв. Ядуу гэхэд арай хэтэрхий санагдмаар сарампай болсон хашаанд байшин гэхээсээ илүүтэй амбаар гэмээр хэзээ мөдгүй нурах шахсан навтгар байшин харагдана. Энэ хүртэл түүнийг нэхэж ирсэн Болор эргэн тойрноо сайтар харж аваад явахаар завдтал ядарч туйлдсан хүний сөөнгө хоолойгоор:

     "-Хүү минь, хүлээгээч" гэх сонстов. Эргээд харвал мөнөөх бүрх малгайтай хүн аргадангуй зөөлөн харцаар Болороог ширтэж зогсоно.

     Өчнөөн удаа тааралдсан тэр хүн өнөөдөр анх удаа нүүр тулан үг дуугарах нь энэ ээ.

     "-Миний охин..., чи энд төрсөн шүү дээ. Энэ..., энэ чиний гэр." гээд шүлсээ гүдхийтэл залгиж, хэр барагийн эр хүнд баймгүй ус гүйлгэнэсэн өрөвдөлтэй нүдээр царайчлангуй хэлэхэд гайхаж мэлэрсэн Болор юу хэлэхээ мэдэхгүй уруулаа шилэмдэн хэсэг зогсов. Байгаа байдлаас нь ажвал худал яримгүй дөлгөөн харцтай тэрээр нулимсаа цийлэгнүүлэн дотогш орохыг гуйв. Болор одоо л гэнэт сэхээ орсон мэт:

     "-Хэн нэгэн үл бүтэх этгээд мэхэлж байвал яана, би яах гэж энд ирэв ээ. Хэрэв ямар нэг муу юм болвол..." хэмээн халаасан дахь гар утсаа тэмтрэн байж зориуд айгаагүй дүр эсгэн:

    "-Та юу хүсээ вэ? Яах гэж намайг мөшгөөд байдаг юм?!" гэж ширүүнээр асуувал:

    "-Миний охин намайг танихгүй байх нь аргагүй дээ. Маргааш чиний хурим болно. Би чамд нэг юм өгөх санаатай л..." гэснээ хашаа руу ороход Болор араас нь өнгөлзсөөр хоцров.

     Нэлээд хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө хүн гарч ирсэнгүй. Элдвийг бодон зогссон Болор сониуч зандаа хөтлөгдөн итгэлгүйхэн алхсаар хаалга нь дэлгээтэй навтгар байшин руу дөхвөл хэн нэг нь зовиуртай ёолохын зэрэгцээ:

     "-Одоохон, за миний хүү эмээ уучих" гэх дуунаар шагайвал нөгөө хүн цонхны ойролцоо төмөр орон дээр хэвтэх нэгэн охинд ямар нэг юм уулгахаар оролдож байна. Үүдний ойролцоох хуучин сандал дээр түүний бүрх малгай, хажууд нь жижиг ширээ гээд цааш нь дагуулан өрөө доторхийг тойруулж хараад Болор бүр гайхаж орхив. Энд тэндгүй ээжийнх нь, өөрөө, мөн үсээ хоёр боосон нэг жижиг охины түүний дэргэд бүрх малгайттай хамтдаа авахуулсан нэлээд олон зураг байна. Өвчиндөө яраглах охин эмээ ууж чадалгүй ханиалгаж эхлэхэд Болор өөрийн эрхгүй гүйхээрээ очиж туслав. Хэсэг хугацааны дараа тэрээр тайвшран унтлаа.
Чингээд бүрх малгайтай хүн зовлонд шаналсан олон жилийн амьдралаа ярьж гарав. Энд унтаж байгаа охин бол түүний дүү Молор, өөрөө тэр хоёрын төрсөн эцэг гэнэ.

     Тэр үед ядуу тарчиг Базар Молорыг тэвэрсээр чинээлэг айлын бэр болоод явж буй Бадамыг үдэж зогссон цагаас хойш даруй 22 жил улирсан байх юм. Базар алт мөнгөний дархан хийсэн хэвээрээ ч хааяа нэг хатуу дарс балгачихдагаас болж, амьдралаа үүнээс дээрдүүлж чадсангүй. Ямартаа ч Молорыг өдий хүргэсэндээ сэтгэл нь жаахан уужирдаг гэх. Энэ мэтчилэн өнгөрсөн бүх амьдралаа хуучлан уйлахдаа уйлж, инээхдээ инээж ярьсаар нэг мэдэхнээ нар шингэх дөхсөн байлаа.

     Маргааш хурим болох гэж байхад Болор энэ өдөр амьдралыхаа тухай төсөөлж ч яваагүй түүхийг мэдэж авав. Аав нь түүнд болор шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмэг өглөхөд маргааш тэднийг хуримдаа заавал урихаа амлаад гарч одов. Түмэн зүйл, буман бодолд дарагдсаар гэр лүүгээ алхаж явааг харсан Мөнхөө, мөн түүнийг хайж тэвдсэн ээж, найз нөхөд бүгдээр сандралдан угтав. Болорт ямар ч таагүй зүйл тохиолдоогүйгээр барахгүй инээмсэглэн байж ээждээ аавынхаа өгсөн гоёмсог шигтгээтэй мөнгөн ээмэгний өрөөснийг үзүүлээд:

     "-Маргааш би энийг зүүнэ, гоё байгаа биз?" гэх охиноо бүрэн бүтэн ирсэнд нь санаа амарсан Бадам түүний нүд рүү харсан бол юу өгүүлэн байгааг эрх биш гадарлах байсан биз. Харин энэ мөчид байрны булан тойрч одох бүрх малгайтай хүнийг харсан Мөнхөө эгдүүцэл нь хүрч түүний араас очлоо.

     Хуримын өдөр.

     "-Ээж ээ, би маш чухал хүмүүс хуримандаа урина, хамт явж тэднийг авна шүү" гэхэд:

      "-Миний охин, тэр хүн чинь өөрөө ирж болдоггүй юм уу? Цаг бага байна шүү дээ" гэхэд:

     "-Та харвал нүдэндээ ч итгэхгүй дээ" гэсээр хуримын даашинзтай бүсгүй Базарын гэрийн зүг жолоо залав. Явсаар нарийхан гудамжаар орвол мэл гайхсан Бадам охиноо хичнээн хорьлоо ч тэд мөнөөх навтгар байшинд хүрэлцэн ирлээ. Харин тэнд хэн ч байсангүй.

      Өчигдөрхөн аав дүү хоёроо олсон Болор тэр хавьд хаана ч хайгаад олоогүйдээ сэтгэл нь өвдөж, дуртай дургүй хурим болох газраа ирлээ. Машинаас бууж хэсэг зогссоноо Болор гэнэт:

     "-Миний аав хаана байдаг юм бэ" гээд хүндээр санаа алдан асуухад ээж нь:

     "-Миний охин заавал баярынхаа өдөр энийг асуух хэрэг байна уу? Хүмүүс хүлээгээд байна, орцгооё" гэхэд бүр ч хүнд гунигтай болж бачимдсан дуугаар:

     "-Нас барсан гээ биз дээ? Тэр чинь худлаа шүү дээ" хэмээн нулимс бөмбөрүүлтэл:

     "-Охин минь, ингэж болохгүй" гэх сөөнгө дуугаар аргадан хэлэхэд эргэж харвал бүрх малгайтай Базар, Мөнхөөгийн хамт зогсож байх нь тэр. Хорь гаруй жилийн өмнө Базар Бадам хоёр хуримын гоёмсог хувцастай ийнхүү зогсож байсан нь саяхан мэт санагдаж, өчнөөн жилийн дараа нулимс хурсан хоёр харц учран золгоход шинэ өглөөний нар зулай дээрээс алтран гийж байлаа.

2009 он


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе