Вакцины өдөөгч тунгийн талаар товч танилцуулахад...
2021-10-29 17:05:33  

Вакцины өдөөгч тунгийн талаар товч танилцуулахад..._fororder_微信图片_20211029165434

Сүүлийн үе Хятад улсын олон газар КОВИД-19-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийнхэнд вакцины өдөөгч тун тарих төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл эхний хоёр тун болон өдөөгч тун нь ямар ялгаатай, энэ бүхэн нь тахлын эсрэг сэргийлэлт хамгаалалтын ажилд хир зэрэг үүрэг гүйцэтгэх зэрэг талаарх тайлбарыг та бүхэнд хүргэж байна.

Суурь дархлаа ба нэмэлт дархлааны ялгаа

Эпидемиологийн хувьд вакцинжуулалтыг "үндсэн дархлаажуулалт", "нэмэлт дархлаажуулалт" гэж хуваадаг. Үндсэн дархлаажуулалт нь даруй ямар нэг вирусийн эсрэг анхны үе шатны “хангалттай хэмжээний вакцинжуулалт”-ыг хэлж байна. Жишээ нь нэг хүртэлх насны хүүхдийн бүх төрлийн вакцинжуулалт, КОВИД-19-ийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины эхний хоёр тун бүгд үндсэн дархлаажуулалт юм. Гэвч төрөл бүрийн вакцины үндсэн дархлаажуулалтын хугацаа, тунгийн тоо нь өөр өөр байдаг. Тухайлбал, БЦЖ болон улаан бурхны эсрэг вакцины үндсэн дархлаажуулалтад зөвхөн нэг тун вакцин тарих шаардлагатай байдаг бол DPT болон элэгний В вирусийн эсрэг үндсэн дархлаажуулалтад гурван тун вакцин тарих шаардлагатай байдаг.

Тэгээд ч улс орнуудын ашиглаж буй КОВИД-19-ийн эсрэг төрөл бүрийн вакцины үндсэн дархлаажуулалтын хугацаа нь мөн өөр өөр байдаг. Хятадын аденовирүсийн векторын вакцины үндсэн дархлаажуулалтад зөвхөн нэг тун, рекомбинант уургийн дэд нэгж вакцинд хагас жилийн дотор гурван тун тарих шаардлагатай байдаг бол Хятадын идэвхгүйжүүлсэн вакцин болон АНУ-ын mRNA вакцины үндсэн дархлаажуулалтад хоёр тун тарихыг шаарддаг.

Нэмэлт дархлаажуулалт гэдэг нь үндсэн дархлаажуулалт дууссанаас хойш тодорхой хугацааны дараа ижил төрлийн вакцин тариулахыг хэлдэг. Хятад улсын оршин суугчдын олонх нь КОВИД-19-ийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин тарьсан болохоор гуравдагч тун нь даруй нэмэлт дархлаажуулалт, эсвэл сүүлийн үед яригдаж багаа “өдөөгч тун” болно. 

“Өдөөгч тун” нь дархлааг хэрхэн сайжруулдаг вэ? Бид яагаад нэмэлт дархлаажуулалт хийх хэрэгтэй вэ?

Цаг хугацаа өнгөрөх тусам үндсэн дархлаажуулалтын дараа үүссэн бие дэх эсрэг биет аажмаар цөөрч, дархлаа аажмаар сулардаг болохоор нэмэлт вакцинжуулалтаар дархлаагаа дахин өдөөж сайжруулах шаардлагатай. Судалгааны дагуу, хөхүүл ханиадны үндсэн дархлаажуулалтаас хойш дөрөв дэх жилд вакцины үр дүн 100% -иас 84% хүртэл буурч, 5 дахь жилд 52% хүртэл бууран, 7 дахь жилдээ хүмүүсийн биед 46%-ийн дархлаа л үлддэг байна. Иймээс DPT вакцины үндсэн дархлаажуулалтыг хүүхдийн 1 насны дотор хийж дууссаны дараа 1.5-2 насны хооронд, мөн дараа нь 7 настайд  нь нэмэлт дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг.

КОВИД-19-ийн эсрэг вакцины хувьд ч мөн адил. Бельгийн эмнэлгийн ажилтнууд mRNA-ийн вакцин хийлгэснээс хойш 6 сарын дараах эсрэг биетийн ажиглалтаас үзэхэд, вакцины эхний тунгийн дараа эсрэг биетийн дундаж түвшин 100 нэгж, хоёр дахь тунгийн дараа 400 нэгж болж, дахиад 3 сарын дараа мөн л 400 орчим нэгжтэй хэвээр байсан ч 6 сарын дараа 221 нэгж болтол буурчээ. Биеийн дархлаа тодорхой хэмжээнд буурснаар КОВИД-19 вирусийг эсэргүүцэх чадамж сулардаг. Нэмэлт вакцинжуулалт буюу өдөөгч тунг тарих нь хүний бие дэх эсрэг биетийн тоог дахин нэмэгдүүлж, дархлааг бэхжүүлээд зогсохгүй дархлааны тогтолцоог идэвхжүүлж, дархлааны хүчтэй ой санамжийг бий болгож, бүр удаан хугацаанд үйлчилдэг байна.

Тиймээс үндсэн дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс тодорхой хугацааны дараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь маш чухал юм. Түүнчлэн дархлаа султай цөөн тооны хүмүүс вакцины хоёр дахь тунгийн дараа хамгаалалтын эсрэг биет үүсгэхгүй эсвэл эсрэг биет хангалтгүй байгаа зэрэг тохиолдолтой бөгөөд энэ нь нэмэлт дархлаажуулалтын гурав дахь тунгийн дараа нөхөгдөж, бэхжих боломжтой.  

Израиль бол иргэдээ КОВИД-19-ийн эсрэг вакцинаар өргөн цар хүрээтэй дархлаажуулсан анхны орон юм. 2021 оны 9-р сарын 15-ны өдөр New England Journal of Medicine сэтгүүлд Израилийн нэмэлт дархлаажуулалтын талаар танилцуулжээ. Судалгааны дүнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн халдвар авах болон халдварын дараа хүндээр өвчлөх тохиолдол нь бүгд нэмэлт дархлаажуулалт хийгээгүй хүмүүсийнхээс 90 гаруй хувиар багассан аж.

Хятадын  Синовак компани болон Синофарм групп ч нэмэлт дархлаажуулалт буюу өдөөгч вакцин тарьсны дараа Хятадын идэвхгүйжүүлсэн вакцины үр нөлөөг танилцуулсан юм. Синовак компанийн идэвхгүйжүүлсэн вакцины 2 дахь тунг тарьснаас хойш 6 сарын дараа 3 дахь тун буюу өдөөгч тунг тарьсны дараа ​​эсрэг биет 1 долоо хоногийн дотор 10 гаруй дахин нэмэгдэж, 2 долоо хоногийн дотор 20 дахин нэмэгджээ. Синофарм группийн мэдээлснээр, 18-59 насны хүмүүст хоёр дахь тунг тарьсны дараа эсрэг биетийн дундаж титр 209.3, гурав дахь тунг тарьсны дараах эсрэг биетийн дундаж титр 308.4, 60-аас дээш насны хүмүүст 3 дахь тунг тарьсны дараа эсрэг биетийн дундаж титр хоёр дахь тарианы дараах 118.2 титрээс 206.2 болтол нэмэгджээ.

Тиймээс өдөөгч тун тариулах нь эсрэг биетийг нэмэгдүүлж, хүний биеийн дархлааг эрс сайжруулдаг болохыг эдгээр тоо мэдээллүүд харуулсан байна.

Одоогийн вакцин нь мутац үүссэн вирусийн эсрэг үйлдэлтэй юу?

Шинэ төрлийн коронавируст байнга мутац үүсдэг. Одоогоор хамгийн их халдварлаж байгаа Дельта хувилбар нь мутац үүсээгүй вирусээс хоёр дахин их халдвар дамжих чадвартай байгаа нь Варикелла вирустэй дүйцэхүйц бөгөөд SARS, салхин цэцэг, улирлын томууны вирусээс давсан байна. Тиймээс өдөөгч тун тарьсан ч тус болохгүй магад хэмээн зарим хүмүүс санаа зовж байна.

Тэгвэл вакцины мутац үүссэн вирусийн эсрэг хүч нь суллахаас биш ямар ч үр нөлөөгүй биш юм.

2021 оны 5, 6-р сард Хятадын Гуандүн мужид Дельта хувилбарын халдвар дэгдсэн. Энэ үеэр тус мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 2 тун вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгаалалтын үр нөлөөг судалсан байна. Үүний дүнд хамгаалалтын үр нөлөө нь 70%, мөн халдвар авсан хүмүүсийг хүнд өвчлөлтөөс хамгаалах түвшин 100%, харин вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд тус вирусийн эсрэг дархлаа бараг байхгүй юм байна. Нэмэлт дархлаажуулалт буюу өдөөгч тунг тарьсны дараа хүний биеийн дархлаа илт сайжрах нь тодорхой юм.

Өдөөгч тунг эрт тарих тусам сайн гэж үү?

Өдөөгч тунг хүн болгон тарьж болно, гэвч цагийн хувьд анхаарах ёстой. Синовак компанийн судалгаагаар бол хоёр дахь тунг тарьсны дараа 28 хоногийн дараа өдөөгч тунг таривал саармагжуулах эсрэг биетийн дундаж түвшин зөвхөн 45.8-49.7-тай байдаг бол зургаан сарын дараа таривал саармагжуулах эсрэг биетийн дундаж түвшин 137.9-143.1-д хүрнэ. Тиймээс КОВИД-19-ийн эсрэг өдөөгч тунг хоёр дахь тунгаас хойш 6 сарын дараа тарих нь хамгийн сайн үр дүнд хүрэх болно. Харин эрт тарих тусмаа сайн биш юм.

Ирээдүйд 4, 5 дахь тун тарих шаардлага үүсэх үү?

Цаашид дөрөв дэх эсвэл тав дахь тун тариулах шаардлагатай эсэх, тэр байтугай дархлаажуулалтыг бэхжүүлэх нь хэвийн үзэгдэл болох эсэх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч судлаачид вирусийн мутац, хүний ​​эсрэг биетийн түвшний өөрчлөлтийг үндэслэн дархлаа нэмэгдүүлэх аргыг цаг тухайд нь тохируулах болно. Үүнд хүн амын дархлаажуулалтад илүү үр дүнтэй шинэ вакциныг гаргаж авч хэрэглэхийг үгүйсгэхгүй.