“Сайн уу” монгол идээн
2021-12-12 20:52:04  

Түм түжигнэж, бум бужигнасан нийслэл Бээжин хот гэж хүний далай. Харин хөл хөгжөөн ихтэй, орчин үеийн хөгжилтэй энэхүү том хотод ирж, монгол хоолны газар ажлуулна гэдэг тийм ч хялбар явдал биш. Хөдөө орон нутгаас ирсэн монгол хүнд эхлээд хэл усны асуудал тохионо. Хятадаар сайн ярьж ойлгуулахыг хичээнэ. За тэгээд орон байрны түрээс өндөр, хяналт шалгуур өндөр, түрэм зөвшөөрөл чанга гээд маш олон асуудал тохионо. Нэмж хэлэхэд цар тахлын үе таарсан болохоор хоолны газар ажлуулна гэдэг нэн ч төвөгтэй ажээ. Эдгээр бүхнийг тэд монгол хүний оюун ухаан, хичээл зүтгэл, тэсвэр хатуужлаар даван туулж явна. Тэр бол даруй Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунаас ирсэн эгэл жирийн монгол бүсгүй Отгон байлаа. Нийслэл Бээжин хотдоо хөгжлөөр оройлж, зардал төлбөр өндөртэй байдаг Чао Ян дүүрэгт тэр “Сайн уу” гэсэн халуун дулаан мэндчилгээ агуулсан нэртэй монгол хоолны газраа ажлуулаад амжсан байлаа. “Сайн уу” гэсэн нэрийг нь сонсоход л дотор дулаахан санагдаж, очмоор бодогдоно. Ороод очиход юм бүхэн нь цэвэрхэн тохилог байж, орчин үеийн байдлаар засаж чимсэн байлаа. Сүүтэй цай, монгол хоолны үнэр цоргиж, очсон бүхний дур хүслийг булаана.

Тамчийн өргөн талын таанатай шимлэг бэлчээрт тарга хүчээ авсан сөнөд хонины мах гэж Өвөр Монголдоо төдийгүй дэлхийд алдартай байдаг. “Сайн уу” монгол хоолны газар нь хонины мах, сүү цагаан идээн зэрэг бүх материалаа сөнөд нутгаасаа авчирдаг болохоор, амт шим сайтай мөртөө байгалийн цэвэр бүтээгдэхүүн байдаг. Тус хоолны газрын эзэнтэн бүсгүй Отгон хийж борлуулж байгаа идээн ундаан, цаашдын төлөвлөгөөний талаар бидэнд танилцуулсан юм.