Ши Жиньпин Киприйн Ерөнхийлөгч Анастасиадес нар утсаар ярив
2021-11-30 20:08:30  

Хятад, Кипр хоёр орон хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 30-нд Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадестай утсаар ярьжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Кипр дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлээд, Хятад, Киприйн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулахаар санал нэгтэй шийдсэн байна.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш, том жижиг улс орны найрамдал зэрэгцэн орших үлгэр жишээг амжилттай бий болгож ирлээ. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан байнгын харилцаагаа стратегийн түншлэлийн харилцаа болгон тогтоосноо албан ёсоор зарлаж байгаа нь цаг үеийн хөгжлийн ерөнхий чиг хандлагатай уялдуулан хоёр орны гаргасан улс төрийн шийдвэр бөгөөд хоёр талын харилцааны ирээдүйн хөнжилд эрч хүч сэлбэх нь дамжиггүй юм. Кипр зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, шударга ёсыг эрхэмлэн, олон улсын харилцааны ардчиллыг дэмжиж, улс орнуудын ард түмэнтэй илүү өргөн, илүү бодитой үр ашиг, эрх чөлөөг эдлүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Анастасиадес хэлэхдээ, Кипр Хятад дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш, хоёр тал харилцан ойлголцон, харилцан дэмжиж, улс төр, эдийн засаг, нийгмийн салбар дахь хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа гүнзгийрч, нааштай үр дүнд хүрсэн байна. Хятад улс бол Киприйн чухал түнш, сайн найз юм. Өнөөдөр бид утсаар ярьсны дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон тогтоосноо албан ёсоор мэдэгдэх явдалд маш их баяртай байна, энэ нь хоёр орны харилцаанд бэлгэ тэмдгийн ач холбогдолтой юм. Киприйн тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын язгуур ашиг сонирхлын талаарх байр суурийг тууштай дэмжин, Хятад улстай дээд зиндааны хэлхээ холбоогоо бэхжүүлж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл иргэншил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад улсын олон улсын үйл хэрэгт шударга байр суурь баримталдгийг Киприйн тал сайшааж байгаа бөгөөд Хятад улстай олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\