"Өлзийт өдрийн баяр" нь Тан улсын дунд үе тухайлбал манай тооллын 700-аад оны үеэр дэнүүний баяр болж төлөвшжээ. Тан улсын Шюань-зүн хаан Шянь-тяний 2-р он (713 он)-ы цагаан сарын 15-нд шөний хориог цуцалж, мянган цэцэгт дэнлүүг 3 шөнө дараалан асаалгасан нь тэр үед маш гайхамшигтай үйл хэрэг болсон байлаа. Умард Сүн улсын Чянь-дэгийн онууд тухайлбал манай тооллын 963—967 онд дэнлүү асаах цаг хугацааг нь уртгаж 5 шөнө болгон, цагаан сарын 14—18 хүртэл асааж байсан бөгөөд Сүн улсын үеэс дэнлүүний оньсого таах болжээ. Дэнлүү хийдэг урачууд нь оньсогоны үгийг дэнлүүн дээрээ бичдэг тул, хүмүүс дэнлүү сонирхохын зэрэгцээ бас оньсого тааж болдог учир, дэнлүүний баяр нь нэн сонирхолтой болсон байлаа. Мин улсын Юн-лэгийн 7-р он тухайлбал 1209 онд хаан зарлиг буулгаж, "Өлзийт өдрийн баярын хугацааг 11-нээс эхлүүлэн 10 хоногоор тогтоожээ." Манж Чин улсын үе гэхэд дэнлүүний баярын хугацааг багасгаж 4 хоног болгосон боловч, баяр наадмын ажиллагаа буураагүй, ард иргэд цагаан сарын 13-нд дэнлүүгээ өлгөж 14-нд дэнлүүгээ туршиж 15-нд дэнлүүгээ асааж 18 болтол дэнлүү сонирхсоноор сая цагаан сарын баярын ажиллагаа нь шувтарга үедээ орж байжээ.
Манж Чин улсын үед Дэн Ши-көү гудамж нь Хятадын нийслэл Бээжин хотын цэцэгт дэнлүүний хамгийн том зах болж байв. Тэр гудамжны нэр ч түүнээс үүсэлтэй юм. Үүнээс гадна, Ши-сы, Шинь Же-көү, Ди Ань-мэнь зэрэг гудамжуудад ч цэцэгт дэнлүүний нэлээд том захуудтай байжээ. Тухайн үед Дэн Ши-көү гудамж нь Бээжин хотын аралжаа худалдаа олонтой, хамгийн хөл хөгжөөнтэй газруудын нэг болж байв. Ялангуяа баяр наадмын хугацаанд өдөртөө зах ажиллуулж, шөнөдөө цэцэгт дэнлүү асааж, замын хоёр талаар 2 газар уртлуулан дэнлүүний саравч зохиож, олон зүйлийн материалаар хийсэн өнгө бүрийн цэцэгт дэнлүүнүүд өлгөж тавьдаг байсан нь тун гоё үзэсгэлэнтэй байжээ. Дэнлүүний дээр нь их төлөв "Гурван улсын үлгэр", "Хүйтэн уулын бичиг", "Тансаг ламын үлгэр" зэрэг сонгодог зохиол, ардын үлгэр домгоос сэдэвлэсэн буюу уул ус, өмс мод, араатан шувуу, загас жаргахай зэргээс үлгэр загвар авсан зүйлүүдийг уран гоц сэтгэхүйгээр чимэглэл, хэтрүүлэл зэргийн аргаар авьяаслаг сайхан зурж байсан тул, хүмүүсийн сонирхлыг маш их татаж байсан билээ.
1 2 3 4
|