Сурвалжлагч: Ер нь түвд сурвалж бичигт монголын түүхтэй холбоотой зүйл олон байх? Түүнийг Хятадын монгол эрдэмтэд ашиглаж байгаа байдал нь ямар байгаа бол?
Профессор М.С.Өлзий: Түвд сурвалж бичгийн зонхилох нь Хятад улсад Хятад хэлээр орчуулагдаад байна. Тэдгээрийн дотроос цөөвтөр хэсэг нь бас монгол хэлээр орчуулагджээ. Тэдгээр орчуулагдсан сурвалж бичгүүдийг бид маш сайн ашиглаж байна. Тэхдээ нэг хэсэг түвд сурвалж бичиг нь бас орчуулагдаагүй байгаа болохоор, түүнийг цаашид эрдэм шинжилгээний хүрээнд ашиглах, судлах явдал шаардагдаж байна.
Сурвалжлагч: Монгол улсад Монгол Түвдийн харилцааны талаархи судалгаа шинжилгээний ажил хир явагдсан гэж та үзэж байгаа вэ?
Профессор М.С.Өлзий: Монгол улсад Монгол Түвдийн харилцааны талаархи судалгаа шинжилгээний ажил эхэлсэн нь манайхаас эрт, тэд нэлээд эртээс энэ ажлыг анхаарсан байна. Ялангуяа Монгол улсын их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайн үеэс эхлээд, Монгол Түвдийн харилцааг анхааран судалж, эрдэм шинжилгээний хүмүүсийг бэлтгэн хүмүүжүлэх талаар ч үлэмжхэн ажлуудыг хийсэн юм. Жишээлвэл, Цэрэнсодном, Хүрэлбаатар, Ёндон зэрэг том эрдэмтдийг Ц.Дамдинсүрэн гуай тусгайлан Гандан хийдийн лам нарт шавилуулж түвд бичиг сурган, Монгол Түвдийн харилцааны судалгаа хийлгэсэн байна. Ц.Дамдинсүрэн гуайн тэдгээр шавь нар нь түүний шаардлага ёсоор сайн суралцаж, Монгол Түвдийн уран зохиолын харьцаа, монголын буддын шашны түүх, монголын буддын шашны уран зохиол, монголлчуудын түвдээр бичсэн зохиол бүтээл болон түүний орчуулга зэргийг эмхтгэн судалж, ихээхэн амжилтанд хүрсэн юм. Сүүлийн үеэс Монгол улсын их дээд сургуулиудад бас түвд хэл зааж байна. Монгол улсын монгол судлаачдын зонхилох нь бүр түвд бичиг сайн мэддэг бөгөөд эрдэм шинжилгээний ажилдаа тэд түвд ном зохиолыг түвдээр нь шууд чөлөөтэй ашиглаж чаддаг байна. Жишээлвэл, Монгол Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн академич, нэрт эрдэмтэн, профессор Ш.Бираа гуай "Монголын түүх бичилгийн түүх" хэмээх бүтээлдээ их олон түвд материалыг ашигласан байдаг. Монгол Түвдийн харилцааны чиглэлээр Ш.Бираа гуай үргэлжилсэн судалгаа хийж байна. Монгол улсын ахмад багш нарын дотор, монгол бичгээ сайн мэддэг төдийгүй бас түвд ном бичгүүдийг сайн ашиглаж чаддаг хүмүүс олон байдаг. Энэ талаараа Монгол улсын эрдэмтэд биднээс илүү байгаа юм.
Сурвалжлагч: Багш таны саяын ярьснаас үзвэл, Хятад Монгол хоёр орны эрдэмтэд Монгол Түвдийн харилцааны талаар судалж байгаа нь өөр өөрийнхөө онцлогтой, давуу талтай байгаа юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэн хүний хувьд, Монгол Хятадын эрдэмтэд Монгол Түвдийн харилцааны чиглэлээр хамтран ажиллахад ямар зүйлүүд нь хамгийн чухал болж байна бэ?
Профессор М.С.Өлзий: Хамгийн түрүүнд ийм ажил хийвэл сайн байна: Нэгд, Хүнийг яаж сургах асуудал. Үүнийг юуны өмнө анхаарч үзүүштэй байна. Монгол Түвдийн харилцааны судалгаа хийхэд тусгай боловсрол сайтай хүмүүс шаардагдна. Энэ талаар бид Монгол улсын эрдэмтдээс арга туршлага сурч болно. Энэ бол нэг. Нөгөө нэг нь бид харилцан баримт хэрэглэгдэхүүнээ солилцох явдал юм. Энэ ажил ч бас чухал болж байна. Монгол улсын эрдэмтэд англи хэл, орос хэлээр байгаа судлагаа, сурвалж бичгийн зүйлүүдийг сайн ашиглаж байна. Гэхдээ бид түүнийг ашиглахдаа тааруухан байна, орос хэлэндээ муу, англи хэлэндээ аанай, голцуу хуучин монгол үсгийн сурвалж бичиг, орчуулга, хятад хэлээр байгаа ном зохиолуудыг л ашиглаж байна. Ийм болохоор Хятад Монголын эрдэмтэд энэ хүрээнд баримт хэрэглэгдэхүүний талаар үгүй дутуугаа харилцан нөхөж солилцож болох юм. Цаашид бид эрдэм шинжилгээний зарим сэдвийн талаар ч хамтарсан судалгаа хийвэл судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэн ач тустай зүйл болно гэж үзэж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлав.\ 1 2 3 4
|