 Профессор Ч.Хишигтогтох 2002 оны 8-р сард Улаанбаатар хотноо олон улсын монголч эрдэмтэдийн 8-р их хурал дээр Германы монголч эрдэмтэн Файттай хамт байгаа нь
|
Сурвалжлагч: Энэ ном 50-аад оны үеэр хэвлэгдсэн үү?
Профессор Ч.Хишигтогтох: Тийм ээ. 50-аад оны үед хэвлэгдсэн. Энэ ном гарсны дараа, монголчууд сая "Нууц товчоон"-тойгоо жинхэнээр золголоо гэж хэлж болно. Үүнээс өмнө нь хэвлэгдсэн нь төдий л их дэлгэрч чадаагүй юм.
Сурвалжлагч: Ер нь нийт монголчуудын дунд "Нууц товчоон" гэдэг зохиол байсан гэдгийг Ц.Дамдинсүрэн багшийн тэр номоос сая олж мэдсэн гэж ойлгож болох уу?
Профессор Ч.Хишигтогтох: Тэгэж хэлж болно. Тиймээс "Нууц товчоон"-ы нууц агуулгыг түгээмэлжүүлэх, дэлгэрүүлэх талаар Ц.Дамдинсүрэн багш их гавьяа зүтгэлтэй ажилласан юм. Нөгөө нэг нь Лувсанданжины "Алтан товч" гэдэг алдартай түүхэн уран зохиол бий. Тэр зохиолын дотор, "Нууц товчоон"-ы 80%-ийн агуулгыг хуулж оруулсан байдаг. Иймээс уг зохиол нь маш их ач холбогдолтой байгаа юм. 1937 онд уг зохиолын нэг эхийг хэвлүүлжээ. 1990 онд "Монголын нууц товчоон" зохиогдсоны 750 жилийн ойн үеэр уг зохилын эхийг нь гэрэл зургаар хэвлүүлсэн байна. Дэлхийн олон улсын монголч эрдэмтэд энэ номын уг эхтэй танилцсандаа их баярлаж, бэлэгтэй сайхан үйл хэрэг боллоо гэж үзсэн байдаг. Энэ номын эхэнд академич Ш.Бираа багшийн бичсэн оршил өгүүллэлтэй юм. "Хураангуй алтан товч"-ийн эхүүд олон газарт хэвлэгдсэн. Үүний дотор, нэг шинэ эхийг МУИС-ын доктор, профессор Шаравын Чоймаа гуай олж аваад, уг эхийг нь хэвлүүлсэн байна. Энэ бол "Хураангуй алтан товч"-ийн судалгаанд түүхт эргэлт авчирч өгсөн чухал бүтээл юм. "Асрагч нэртийн түүх"-ийг Хөдөөгийн Пэрэнлэй гуай эрт дээр үед хэвлүүлж өнгөрсөн. Гэхдээ бид уг эхийг нь ерөөс олж үзээгүй байсаар ирсэн юм. Уг зохиолын нэг эхийг нь сүүлийн жилд МУИС-ийн профессор Ц.Шагдарсүрэн багш хэвлүүлжээ. Эдгээр бүтээлүүд гарсан нь монголын эртний утга зохиолын судлалд маш их ач тустай ажлууд болсон байна. Аман зохиолын судлал ч Монгол улсад бас их дорвитой хийгдсэн. Энэ талаар Академич П.Хорлоо багш, академич Х.Сампилдэндэв багш, Нарандуяа гуай нарын зэрэг хүмүүс үлэмжхэн ажлууд хийсэн юм.
1 2 3 4
|