 Доктор, дэд профессор Б.Дамринжав 1998 онд Монгол улсын нэрт эрдэмтэн академич, доктор, профессор Д.Цэрэнсодном, Доктор, профессор Л.Хүрэлбаатартай Бээжинд хамт байгаа нь
|
Монгол улсад хүрч өнгөрсөн хүн болгон бүр тэндэхийн унаган байгалийн өнгө үзэмж, бохиртож униартаагүй цэвэр агаар, асвар цайлган сэтгэлт хүн ардынх нь зан чанар зэргийг бие сэтгэлээрээ мэдэрч, сэтгэл зүрхэндээ хоногшуулсан сайхан дурсамжуудтай байдаг сан. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний Утга Зохиолын Хүрээлэнгийн доктор, дэд профессор Б.Дамринжав гуай бол тэдгээр сайхан дурсамжуудтай хүмүүсийн нэг нь юм. Монгол ардын аман зохиол, түүний дотроос баатарлаг үлгэр, туулийн чиглэлээр нэлээд гүн нарийн системтэй судалгаа шинжилгээ хийж, олон өгүүлэл зохиол нийтэлсэн эрдэмтэн болсны хувьд, Б.Дамринжав гуай бол Монгол, Орос, Япон зэрэг улс орнуудад суралцаж өнгөрсөн, дотоод гадаадад нэлээд их нэр нөлөө бүхий Хятад улсын монгол аман зохиол судлаач залуу эрдэмтдийн нэг юм. Түүнийг Орос, Японд суралцаад Бээжиндээ саяхан буцаж ирээд байхад нь эрдэм шинжилгээний ажил байдал болон Монгол улсад ажиллаж суралцаж байсан үеийнх нь олон сайхан дурсамжтай үйл хэргийг нь сонирхож, Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар доктор, дэд профессор Б.Дамринжав гуайтай уулзаж ярилцсан юм.
Сурвалжлагч: Та уул нь Монгол улсад суралцаж байсан, тэр чинь аль оны үеийн явдал вэ?
Доктор, дэд профессор Б.Дамринжав: 1991—1992, 1996—1998 онуудад би МУИС-д мэргэжил дээшлүүлж 2 жил хагас суралцсан юм.
Сурвалжлагч: Монгол улсад суралцаад танд хамгийн их ололттой гэж сэтгэгдсэн зүйл юу байгаа вэ?
Доктор, дэд профессор Б.Дамринжав: Монгол улсад суралцаж байсан хугацаандаа би маш олон эрдэмтэн багш нартай танилцаж, ном зохиол олж уншсан маань надад хамгийн их азтай, ололттой зүйл болсон юм. Монгол улсад маш их гарамгай үр бүтээлтэй ажиллаж байгаа нэрт эрдэмтэн олон байдаг. Жишээлбэл ахмад эрдэмтэн академич, профессор П.Хорлоо, академич, профессор Д.Цэрэнсодном, профессор Л.Хүрэлбаатар, профессор Х.Нямбуу, профессор С.Бадамхатан, профессор Ч.Билигсайхан, профессор С.Дулам, академич, профессор Х.Сампилдэндэв, профессор Ш.Чоймаа, профессор Ц.Шагдарсүрэн, академич, профессор Д.Төмөртогоо, профессор Ц.Өнөр—баян, академич, профессор Ч.Далай нарын зэрэг маш олон эрдмтэн багш нар монголын утга зохиол, түүх, соёл зэрэг чиглэлээр охь содон гайхамшигт бүтээл олон хэвлүүлсэн юм. Тэдгээр эрдэмтэн багш нгартай танилцсан 2 жил хагасын хугацаандаа би тэднээс эрдэм ном сурч, гэрээр нь очиж ойр тотно харилцаж байснаа эргэн санахад таатай байна.
Сурвалжлагч: Монгол улсын эрдэмтэн багш нарын дуурвисан тэдгээр олон ном бүтээлийн дотроос танд хамгийн сонирхолтой санагдсан аль аль номууд байгаа вэ? Тэдгээрээс хэдийг нэрлэх үү?
Доктор, дэд профессор Б.Дамринжав: Монгол улсын эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний ном зохиол олон бичсэн юм. Жишээлбэл П.Хорлоо багш бол монгол ардын аман зохиолын судалгааны ажлыг олон жил хийсэн том эрдэмтэн юм. Тэрээр 1958 оноос нааш, монгол ардын аман зохиолын судалгааны чиглэлээр гарамгай амжилттай ажиллаж бас "Монголын явгаан үлгэр" гэсэн сэдвээр Орост кандидатын зэрэг хамгаалж, "Монголын дууны яруу найраг" гэдэг сэдвээр сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Үүүнээс гадна, П.Хорлоо багш бас тууль, аман үлгэрийн тухайтай олон ном зохиол бичжээ. Академич, профессор Д.Цэрэнсодном багш "Монголын уран зохиол" гэдэг ном бичнээс гадна, бас Монголын бурхны шашны уран зохиол, "Монголын нууц товчоон" зэрэг чиглэлээр ч тусгай бүтээлүүд хэвлүүлсэн юм. МУ-ын ШУА-ийн хэл, утга зохиолын хүрээлэнгийн захирал Х.Сампилдэндэв багш монгол аман зохиол, зан үйл, орчин үеийн уран зохиол зэрэг талаар эрдэм шинжилгээний олон олон ном зохиол бичсэн байна. Профессор Л.Хүрэлбаатар багш Түвд Монголын уран зохиолын харьцаа холбооны асуудлаар судалж олон сайхан ном хэвлүүлжээ. Профессор С.Дулам багш монголын бэлэгдэл зүй, аман зохиолын талаар маш олон сонирохолтой судалгаа хийж, "Монголын домгийн дүр", "Монголын бэлэгдэл зүй" гэх зэрэг олон ном дуурвиж хэвлүүлсэн. Үүнд "Монголын домгийн дүр" хэмээх ном болон "Монголын бэлэгдэл зүй" хэмээх 4 боть номынх нь 2 нь Өвөр Монголд хуучин үсгээр хэвлэгдээд байна. С.Дулам багш бас бөө мөргөлийн талаар ч "Дархад бөө" зэрэг олон сайхан ном бичсэн юм. Академич, профессор Ч.Далай багш Ойрдын түүх, бүх Монголын түүхийн талаар маш олон бүтээл туурвьсан. Профессор А.Очир багш Ойрд, Монголын түүхийн талаар нэлээд олон ном бичсэн. Үүнээс гадна, профессор Ц.Шагдарсүрэн, профессор Ш.Чоймаа, профессор академич, Д.Төмөр-тогоо, профессор Ц.Өнөр-баян, профессор Д.Цэнд, профессор Д.Галбаатар, доктор, дэд профессор Р.Нарандуяа нарын зэрэг олон багш нар бас монгол сулалын олон салбар чиглэлээр маш өндөр түвшинд судалгаа шинжилгээний ажил хийж, охь содон бүтээлүүд бичиж хэвлүүлсэн юм. Монгол улсад ажиллаж суралцаж байсан хугацаандаа би тэдгээр багш нарын хичээлийг олон удаа сонсч, эрдэм шинжилгээний арга туршлага, онол зүйн талаар суралцаж, тэдний цуглуулга материал хэрэглэгдэхүүнүүдтэй нь танилцсан юм.
Сурвалжлагч: Сая таны ярвсныг сонсоход тэнд байсан хугацаандаа эрдмийн зүйлийг маш их сонирхож, ном зохиол олон үзэж, олон олон эрдэмтэн багш нартай танилцаж, эрдэм ном их сурсан юм байна. Үүнээс гадна, Монголын хөдөө нутгаар явсан уу? Тэр үеийн дурсамжаас сонируулж ярихгүй үү?
Доктор, дэд профессор Б.Дамринжав: Монгол улсад байсан хугацаандаа би хөдөө нутгаар олон удаа явж байсан, 1992 онд Өвөр-хангай, Ар-хангай аймгийн үзэмжит газруудаар очсон, Тэнд мал сүрэг олонтой, сарлаг ч олон байсан, байгаль нь ч маш сайхан санагдсан, ёстой л эвдэгдээгүй жинхэнэ унаган байгаль гэж хэлэх газар байсан юм. Тэр удаа Чех, Герман, Америк, Япон, Өмнөд Солонгос, Хятадын зэрэг олон орны мэргэжил дээшлүүлэгч оюутдыг их сургуулиас зохион байгуулж авч явсан юм. Бид малчны гэрээр орж айраг, тараг ууж 10-аад хоног зугаалж маш сайхан зугаа хөөртэй явсан юм сан. Бас Дархан, Эрдэнэтэд ч хүрсэн. 1997 онд Оросын Томск Их Сургууль болон Ховдын Их Сургууль хамтран Ховдод хуралдуусан "Баруун бүс нутаг, байгалийн нөхцөл, түүх, соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхны бага хуралд оролцож, бас Хар-ус нуур, Цэнхэрийн агуй зэрэг газруудаар явж олон сонирхолтой зүйлийг үзэж танилцлаа. Тэр нутаг гэж сайхан газар байсан. Улаанбаатарт байсан хугацаандаа бас Төв аймаг, Бага-нуур, Налайх, Тэрэлж зэрэг олон аялал жуулчлалын үзэмжит газруудаар явж байсан, үүнээс гадна бас олон сайхан найз нөхөдтэй танилцсан. Түүний дотор, эрдэмтэн маш олон байдаг. Тэдний тусламжийг олон удаа хүрэж, сайн сайн номуудыг олсондоо би маш баяртай байна.
Сурвалжлагч: Танай Монгол улсад байсан үеийн дурсамжийг сонсоход би ч маш сэтгэл өндөр байна. Ер нь завтай чөлөөтэй бол дахиж явмаар санагдаж байгаа уу?
Доктор, дэд профессор Б.Дамринжав: Тэгэлгүй яахав, дахиад л очмоор санагдаж байна аа. 2004, 2005 онд би бас Монгол улсад түр хугацаагаар 2 удаа ажил хэргээр очсон. Монголын хөдөө нутаг гэгч сэтгэл сэргээм сайхан газар юм аа.
Сурвалжлагч: Үүнээс гадна, та Монгол улсад байсан хугацаандаа тэндэхийн музей, сүм хийд зэрэг түүх соёлын турсгалт газруудаар явж танилцсан уу?
Доктор, дэд профессор Б.Дамринжав: Тийм ээ, тэр газруудаар очсон. Жишээлбэл Монголын Түүхийн Музей, Галдантэгчилэн хийд зэрэг газруудаар олон очиж байсан. 1992, 2004 онд Эрдэнэ зууд очиж, эртний хот—Хар-хоринтай танилцаж, түүх соёлын олон сонирхолтой зүйлийг үзэж танилцсан юм. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3 4
|