- Юуны өмнө Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан энэхүү айлчлалын талаар сонирхолтой асуулт тавьж, энэ талаар сонсогчиддоо мэдээ мэдээлэл хүргэж байгаа танай радиод талархал илэрхийлье. Энэ сарын 22-27-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао-гийн урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлал Бээжин хотоос гадна БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах район болон Ши ань хотуудад боллоо. Энэ айлчлалын үр дүнгийн талаар танай сонсогчид цаг тухайд нь мэдээ мэдээлэл авсан байхаа. Би гол асуудлуудын талаар ярья гэж бодож байна. Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлал нь улс төрийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой боллоо. Улс төрийн түвшинд авч үзвэл энэ нь хоёр орны төр засгийн тэргүүн нар тогтмол хугацаанд уулзаж хоёр талынхаа харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг өндөр дээд хэмжээнд ярилцаж авах давтамжийг хадгалснаараа ач холбогдолтой. 2005 оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан бол энэ оны 11 дүгээр сард Ерөнхий сайд энэ оронд айлчиллаа. Мөн өнгөрсөн зун Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Хү Жиньтао-гийн тусгай элч, Бүх Хятадын Ардын Улс төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн орлогч дарга манай оронд зочилсон. Ийм хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж тодорхой хугацаанд хоёр улсын төр засгийн тэргүүнүүд харилцан уулзаж ярилцаж байгаа нь улс төрийн харилцааны түвшин улам өсч байгааг илэрхийлж байна.
1 2 3 4 5
|