-Хятадад хүүхдээ сургах гэсэн эцэг эхчүүд, энд боловсрол мэргэжил эзэмших хүсэлтэй оюутан залуус улам нэмэгдсээр байна. Тэд Засгийн газрын шугамаар суралцах оюутны тоо нэмэгдсэн болов уу хэмээн ихэд сонирхдог. Айлчлалын үеэр энэ талаар яриа болов уу? Ер нь боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ямар нэг ахиц дэвшил гарсан уу?
- БНХАУ-аас Монгол Улсад олгох оюутны тэтгэмж жилээс жилд нэмэгдэж ирсэн. Энэ асуудлыг өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ч ярьсан, саяын айлчлалын үеэр ч ярилаа. Өнөөдөр Хятад улсын засгийн газрын тэтгэлгээр болон хувиараа суралцаж байгаа монгол оюутнууд төдийгүй бага дунд сургуульд суралцагч монгол хүүхдүүдийн тоо байнга нэмэгдэж байна.
-Аливаа улсын төр засгийн тэргүүнүүд харилцан айлчлахад тухайн улсад суугаа элчин сайдын яамд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхэд танай хамт олны хувь нэмэр их байсан байхаа?
-Баярлалаа. Элчин сайдын яам бол хоёр талын харилцааг хариуцан ажиллаж байгаа Засгийн газрын, төрийн гол төлөөлөл мөн. Айлчлалын товыг тодорхойлох, бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх, үр дүнд нь бий болсон тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд тус Элчин сайдын яам онцгой үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ чиглэлээр ч манай хамт олон чадах ядахаараа зүтгэж ажиллаж ирсэн. Энэ удаагийн айлчлалын гарын үсэг зурсан санамж бичгүүд, тохиролцоонууд, протоколуудыг гаргахад манай дипломатууд, мэргэжилтнүүд маш идэвхтэй ажилласан. Мөн Ерөнхий сайдын айлчлалаар далимдуулан Монгол Улсынхаа түүх, соёл, өнөөгийн байдлын талаар хятадын 1,3 млрд хүн амд хүргэхэд онцгой анхаарч ажилласан. 500.000 хувь хэвлэгддэг China Daily сонинд тусгай нүүр, Global News гэж хятад хэл дээр гардаг сонинд мөн нүүр материал бэлдэж хэвлүүлсэн. Ерөнхий сайд CCTV9-д тусгай ярилцлага өгсөн. Мөн ШУӨЗР, Ши ань хотын өдөр тутмын хэвлэлүүдэд олон мэдээ, материалууд нийтлэгдэж, сайн сурталчлагдсан.
-ХОУР-гийн 65 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Та энэхүү ойтой холбогдуулан манай сонсогчдод мэндчилгээ хүргэнэ үү?
- Бэлэг дэмбэрэлтэй ой болж байгаа юм байна. Хүний насаар ярих юм бол нилээн тогтсон, тав тух суусан нас. 65 нас хүрч байгаа танай радиогийн хамт олонд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Радио долгион гэдэг хил хязгаарыг үл харгалзан мэдээ мэдээллээ түгээдэг хэрэгсэл. Ийм мэдээллийн хэрэгслийн ачаар энэхүү ярилцлага монгол сонсогчдод болон монгол хэлтэй нийт сонсогчдод хүрч байгаа. Энэхүү боломжийг олгож байгаа нь танай радиогийн 65 жилийн бахархал билээ.
-Баярлалаа, ноён Элчин сайдаа. Танд ажлын амжилт хүсье. \Сурвалжлагч Б.Энхтуяа, М.Цэцэн\ 1 2 3 4 5
|