• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усан үзэм хийгээд улаан дарсны хотоор Яньтайд хийсэн цуврал тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-22 09:23:27

     Яньтай хотынхны бас нэг бахархууштай зүйл бол 2005 онд Индонезийн Жакарда хотод болсон НҮБ-ын хүний амьдрах орчны шалгаруулах их хурлаас тус хотыг дэлхийн хүний амьдрах орчин хамгийн тааламжтай газраар шалгаруулсан явдал болох юм. Энэ явдлыг батлах мэт сүүлийн 20 жилд ямар ч ноцтой гэмт хэрэг гараагүй гэж хатагтай Жү танилцуулсан нь үнэхээр эзнээ олсон шагнал болж доо гэж дотроо бодож суулаа. Түүнчлэн Ази тивийн цорын ганц олон улсын усан үзэм улаан дарсны хот, Дэлхийн банкны шалгаруулсан хөрөнгө оруулалтын орчин нь хамгийн сайн хот, Хятадын соёлч боловсон хот гээд тоолж барахгүй асар их цол гуншинтай болохыг тэд ярианы дашрамд танилцууллаа. Үнэхээр хүн хүмүүст үзүүлэх сайн зүйлтэй, ам бардам ярих үйлстэй суух нь хэчнээн сайхан юм бий гэсэн бодол төрснийг танаас нуух юун.

     Дараа нь аяллаа үргэлжлүүлж, бидний хэдэн сэтгүүлчид Яньтай хотын бэлэг тэмдэг болсон Яньтайшань уулаар зугааллаа. Хотын түүх болон хот гадаадад нээлттэй болсон түүхийг өгүүлэх энэхүү ууланд үзэж харах зүйл бишгүй байсан. Тэртээ 1862 онд Яньтай боомт нээгдсэний дараа Англи, Франц, Япон, Америк зэрэг 16 улс хотод өөрсдийн консулын газраа байгуулж, сүм хийд шуудан холбоо зэрэг Европын соёл нэвтэрч тухайн үедээ Яньтай хот Чин улсын үеийн олон улсын боомт хот байлаа. Энэхүү түүхийг гэрчлэх мэт Яньтайшань уулын оройд далайгаас ирэх усан онгоцонд зам заах гэрэлт цамхаг Голландын консулын газар, Америкчуудын шуудан холбоо зэрэг эртний Европын барилгууд үлдэж хоцорсон нь эдүгээ жуулчдын зайлшгүй очих газрын нэг болжээ. Ийнхүү бид нэг өдрийн богинохон хугацаанд Яньтай хотын талаар чамгүй зүйл мэдэж авлаа. Анхны өдрийн аяллын тэмдэглэлээ ийнхүү өндөрлөж байна. Дараагийн өдрүүдэд болох үйл явдлыг бид тухай бүрд нь мэдээлэх болно. \Тэмдэглэлийг хөтөлсөн Мөнхжаргал, Гэрэлт\


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе