|
|
||
Аяллын маань эхний өдөр Алшаа аймгийн цэргийн салбар тойргийн нэгэн офицер надад, "Ургавал мянган жил үхэхгүй, үхсэн ч мянган жил унахгүй, унасан хойноо мянган жил өмхрөхгүй" хэмээн торой модыг дүрслэн танилцуулж байсан юм. Ингэж хэлэхийг сонсоод, энэхүү жилдээ 37-хон миллиметр хур тунадас бууж, 3700 гаруй миллиметр ууршилт үүсдэг газарт мянга мянган жилээр ургаж.тэнгэрт тэмүүлэн зогсоно гэхлээр торой мод гэгч амьдралын төлөө тэмцлийн ямар том жишээ вэ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн юм. Торой мод манай гараг дээр гуравхан газарт ургадаг гэнэ. Эхнийх нь Өвөр Монголын Алшаа аймагт, нөгөө нь Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Ховог сайр нутагт, гуравдах нь бүр алс холын Африкт байдаг аж. Ийнхүү торой модны тухай бодож, гайхан биширч суутал өрөөний хаалгыг хүн тогшлоо. Нэлээд гайхлаа. Энэ нутагт миний таньдаг, намайг мэддэг хүн байдаггүй, тэрчлэн цэргийн хүрээн дэх зочид буудлын хаалгыг ямар хүн тогшиж байгаа бол доо гэхчлэн олон таамаг авч хаалгаа нээвэл хоёр сайхан цэргийн хувцастай залуу байлаа. Хаалга онгойлгохтой зэрэг, "Сайн байна уу, та? Монгол ах дүү манай энд ирсэн гэсэн сургаар танилцъя гэж бодоод бид хоёр ирсэн юм" гэлээ. Миний баярласан гэдгийг яана, энэхүү анх удаа ирж байгаа газар усанд, тэр тутмаа цэргийн хуаранд угсаа, үг хэл нэгтэй ахан дүүстэйгээ уулзсандаа гайхан баярлаад арай л нулимс унагаасангүй. Бид нэр усаа мэдэлцэж, нэлээд ярьж суулаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |