Гадаад худалдаа 6.05 их наяд ам.долларт хүрэв!
2022-01-15 08:58:00
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын Гаалийн ерөнхий газрын 14-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын импорт, экспортын хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрчээ. Нэг жилийн хугацаанд Хятадын гадаад худалдаа 5 их наяд, 6 их наяд ам.долларын хоёр их давааг давж, хамгийн том худалдааны орны статусаа улам нэг алхам бэхжүүлэв. 

Тэгвэл энэ бүхэн нь тийм ч амар хялбар олсон амжилт биш. 

Юуны өмнө Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж, хяналт тавих, эдийн засгийн хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалж, үйлдвэрлэл, хэрэглээний эрэлт хэрэгцээ нь гадаад худалдааны тогтвортой өсөлтөд хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна. Сүүлийн хоёр жилд Хятадын эдийн засаг цар тахлын учруулсан дарамтыг үр дүнтэй давж, маш уян хатан байж чадсан нь тогтвортой өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүйг бүрэн харуулж байна. Мөн дэлхийн эдийн засаг үргэлжлэн сэргэж, хилийн чанад дахь эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь Хятадын гадаад худалдаа хөгжихөд томоохон түлхэц болсон байна. Хятад улсын эмийн материал, эм бэлдмэлийн экспорт 101.2%-иар өссөн нь тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хүчтэй дэмжлэг үзүүлсэн юм. 

Түүнчлэн гадаад худалдааны өсөлт нь Хятадын засгийн газрын хэрэгжүүлсэн жижиг, дунд аж ахуйн нэгж, боловсруулах салбарын аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, үндэстэн дамнасан худалдааг улам хялбарчилж өөрчлөх, чөлөөт худалдааны туршилтын бүс, хөрөнгө оруулалтыг өөрчилж сайжруулах зэрэг эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлого, арга хэмжээтэй салшгүй холбоотой. Эдгээр стратеги, бодлого нь алхам дараатайгаар зах зээлийн гол цогцуудыг илүү эрч хүчтэй болгож, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг нааштай дэмжиж чадсан байна. 

Хятадын гадаад худалдаа шинэ шатанд ахиснаар дэлхийн аж үйлдвэрийн гинжний хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжний хэлхээн дэх ач холбогдол нь ч улам бүр тодорч байна. 2021 онд Хятад улсн худалдааны гол түншүүд хоорондын импорт, экспорт тогтвортой өссөөр ирлээ. Үүний дотор хөгжиж буй орнуудаар голлосон “Бүс ба зам” дагуух улс орнуудтай хийсэн импорт, экспортын худалдааны хэмжээ бүр ч хурдтай өсөж, 23.6%-д хүрсэн нь нийт гадаад худалдааны өсөлтөөс 2.2 нэгжээр илүү болов. 

Энэ оны хувьд, дэлхий дахинд цар тахлын халдвар давтагдаж, гадаад орчин илүү төвөг хүндрэлтэй байгаагаас шалтгаалан Хятадын гадаад худалдаанд тодорхойгүй, тогтворгүй, тэнцвэргүй хүчин зүйлүүд тулгарсаар байх болно. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлтийн тогтвортой үндэс суурь өөрчлөгдөхгүй, гадаад худалдааг тогтворжуулах дэмжих арга бодлого гарсаар байх болно. Мөн өөрийн ажлаа сайтар зохицуулахын зэрэгцээ олон улсын худалдааны өсөлт, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд улам илүү эерэг энерги сэлбэсээр байх болно гэдэгтээ итгэлтэй байна. \Ренчинсоо\