Шэньжөү-14 Шэньжөү15 сансрын нислэгийн баг бэлтгэл сургуулилтаа хийж байна
2022-04-19 16:05:51
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 16-нд Хятад улсын Шэньжөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг амжилттай газардсанаар сансрын нислэгийн үүрэг бүрэн дүүрэн амжилттай болж, энэ нь Хятад улсын сансрын станцын гол чухал технологийг турших үе шат бүрэн амжилттай болсны бэлэг тэмдэг болов. Төлөвлөсөн ёсоор энэ онд цаашид бас 6 удаагийн нислэгийн үүргийг хэрэгжүүлж, тойрог зам дахь Хятадын сансрын станцыг бүтээн байгуулж дуусах юм. Өдгөө Шэньжөү-14, Шэньжөү-15 нислэгийн багийг нэгэнтээ сонгон тогтоосон бөгөөд холбогдох дасгал сургуулилт, бэлтгэлийг идэвхтэй хийж байна.

Хятад улсын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн албаны дарга Хао Чүнь танилцуулснаар: 2020 оноос хойш Хятад улс урьд хожид CZ-5B зөөгч пуужингийн анхны хөөргөлт, сансрын станцын Тяньхэ гол бүхээг, Шэньжөү-12, Шэньжөү-13 нисэгчтэй сансрын хөлөг, Тяньжөү-2, Тяньжөү-3 ачаа тээврийн сансрын хөлгийг хөөргөсөн зэрэг 6 удаагийн нислэгийн үүргийг хэрэгжүүлэн бүрэн дүүрэн амжилтад хүрч, сансрын станцын гол чухал технологийг нотлох шатны үүрэг зорилтыг биелүүлж, сансрын станцын бүтээн байгуулалтын шатны үүргийн хэрэгжилтэд баттай суурийг тавьсан гэв.

Сансрын станцын гол чухал технологийг нотлох үе шатны үүргээр дамжин бид сансрын станцыг бүтээн байгуулах гол чухал технологийг эзэмшиж бүх талын ахиц дэвшил гаргаж, төслийн систем бүрийн цаашдын ажлуудыг гүйцэтгэх функционал гүйцэтгэл, систем хоорондын уялдаатай байдалд иж бүрэн шалгалтыг хийж, үүнээс гадна төслийг байнгын болгох, даалгаврыг өндөр нягтшилтай хэрэгжүүлэх чадварыг туршиж, ашиглалт, менежментийн арвин туршлага хуримтлуулж, сансрын станц барих бат бөх суурийг тавьсан.”

Төлөвлөгөө ёсоор Хятад улс 2022 онд тойрог зам дахь Хятадын сансрын станцыг барьж дуусгах юм. Цаашид нийт 6 удаагийн нислэгийг хэрэгжүүлнэ. Тухайлбал: 5-р сард Тяньжөү-4 ачааны сансрын хөлгийг хөөргөнө. 6-р сард Шэньжөү-14 нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөнө. 7-р сард сансрын станцын “Вэнь Тянь” лаборатори бүхээгийг хөөргөнө. 10-р сард сансрын станцын “Мэнтянь” лаборатори бүхээгийг хөргөнө. Дараа нь бас Тяньжөү-5 ачааны сансрын хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөх болно.

Шэньжөү-14, Шэньжөү-15 сансрын нислэгийн хоёр баг тойрог замд тус бүр зургаан сар нисэх юм. Багийн ээлж халааг анх удаа тойрог замд гүйцэтгэж, сансрын 6 нисэгч хамтдаа тойрог замд 5-10 хоног байх юм. Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн Сансрын нисэгчдийн системийн ерөнхий дизайнер, Хятадын Сансрын нисэгчдийн шинжлэх ухааны судалгаа, бэлтгэл сургалтын төвийн судлаач Хуа Вэйфэнь танилцуулснаар: Тус хоёр удаагийн нислэгийн үүрэг гүйцэтгэх сансрын нисэгчдийн багийг нэгэнт сонгон тогтоосон, өдгөө биеийн байдал нь маш сайн, холбогдох сургуулилт, үүрэг даалгаврын бэлтгэлээ идэвхтэй өрнүүлж байна гэв.

Бүтээн байгуулалтын шатны нислэгийн даалгаврын онцлогоос хамааран сансрын нисэгчдийн систем нь 8 ангилалын 200 гаруй сургалтын зүйлийг хэрэгжүүлснээр сансрын нисэгчид оюун ухаан, бие, сэтгэл зүй, мэдлэгийн нөөц, ажиллуулах ур чадвар зэрэг бүх талаараа нислэгийн даалгавруудыг гүйцэтгэх чадвартай болсон.”

Сансрын станц баригдаж дууссаны дараа “Мэньтянь”, “Вэньтянь” туршилтын хоёр бүхээг нь сансрын нисэгчдийн тойрог зам дахь гол ажлын газар болох юм. Хятад улсын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн Сансрын станцын системийн ерөнхий дизайнер, Хятадын Сансрын станцын технологийн судалгааны хүрээлэнгийн судлаач Ян Хун танилцуулснаар:  хоёр лаборатори бүхээг дотор хоёуланд нь туршилтын кабинет угсарч, бүхээгийн гадна талд нэмэлт ачаалал суулгах платформтой. Түүнчлэн мэдээлэл, цахилгаан хангамж, дулаан сарниулах зэрэг дэмжлэг хамгаалалтын арга хэмжээг мөн хангадаг бөгөөд сансрын нисэгчид бүхээгт сансрын шинжлэх ухаан, сансрын материал, сансрын анагаах ухаан, сансрын хайгуул зэрэг янз бүрийн салбарт туршилт хийх боломжтой гэв.

Үүний дотор Вэньтянь лаборатори бүхээгийг Тяньжиньд ерөнхий угсралт хийж, турших болон том хэмжээний туршилтын ажлыг дуусган нэгэнтээ бэлэн болоод байна. Харин Мэнтянь лаборатори бүхээгийн хувьд өдгөө Тяньжиньд холбогдох ерөнхий угсралт, туршилтын ажлыг дуусгаж, өдгөө газрын туршилт хийгдэж байна, дараа нь хийгдэх дулааны туршилт зэрэг туршилтын ажлууд ч төлөвлөгөө ёсоор явагдаж байна.”

Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн албаны дарга Хао Чүнь танилцуулснаар: Энэ онд сансрын станцыг тойрог замд бүтээн байгуулж дууссаны дараа нисэгчтэй сансрын нислэгийн төсөл нь хойшдын арваас дээш жилийн хэрэглээ, хөгжлийн шатанд шилжих болно.

Эхний шаланд жил бүр нисэгчтэй сансрын хөлгөөс хоёрыг, ачааны сансрын хөлгөөс хоёрыг хөөргөхөөр төлөвлөж байна. Сансрын нисэгчид тойрог замд урт хугацаагаар байж, сансрын шинжлэх ухааны болон технологийн туршилт өрнүүлж, түүнчлэн сансрын станцыг арчлан хамгаалах болно. Төслийн ерөнхийлсөн чадвар, технологийн түвшинг улам нэмэгдүүлэхийн тулд нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөх шинэ үеийн пуужин, нисэгчтэй сансрын нислэгийн шинэ хөлгийг судлан бүтээх юм. Үүний зэрэгцээ сансрын станцын нэмэлт бүхээгийг судлан бүтээх, тойрог зам дахь шинжлэх ухааны туршилтыг илүү сайтар дэмжих, сансрын нисэгчдийн ажил, амьдралд илүү сайн боломж нөхцөлийг бүрдүүлэхийг бодолхийлж байна.”

Хао Чүний хэлснээр, ирэх онд Хятад улс сансрын судалгааны анхны том оврын дуранг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь сансрын бүтэц болон хувьсал, харанхуй бодис, харанхуй энерги, экзопланет, нарны аймгийн сансрын биетүүд чиглэлээр шинжлэх ухааны дэвшилтэт судалгаа хийж, хэд хэдэн томоохон шинэлэг үр бүтэмжид хүрэх эрмэлзэлтэй байна гэлээ.

Энхийн зорилгод ашиглах, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтдаа хөгжих зарчмын дагуу цаашид сансар огторгуйг энх тайвнаар ашиглахыг эрмэлздэг дэлхийн бүх улс оронтой илүү гүнзгий солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж Хао Чүнь онцлов.

Бид Хятад улсын сансрын станцыг хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулах индэр болгон бүтээн байгуулж, улс орнуудын сансрын нисэгчид, сансрын шинжлэх ухаан технологийн багийн хамтаар сансрын уудамд тасралтгүй судалгаа хийж, хүн төрөлхтөнд ашиг тусыг бүтээхэд бэлэн байна.”




\Уртнасан.\