Британийн амтат талх идэхийг хүсч байна гэв
2022-05-24 20:33:53
Share
Share this with Close
youtube WeChat

 

  

Нэг, хоёрдугаар зэрэглэлийн хөгжингүй хотуудтай харьцуулахад, Хятадын баруун хойд нутгийн Ниншягийн Инчуань хот тийм ч нээлттэй хөгжингүй хот биш юм. Гэсэн хэдий ч энэ жижиг хотод гадаадын хэсэг хүмүүс татагдан үлдэж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр яаралдана, тэдний нэг бол Их Британийн Кевин Литтл юм. Кевин Литтл Инчуань хотод талх нарийн боовны газар нээжээ, түүний мөрөөдөл бол жинхэнэ Британийн талх идэх боломжийг илүү олон хятад хүмүүст олгох явдал юм.   

Инчуань хотын захын нам гүмхэн гудамжинд жижигхэн боловч ойр хавьдаа алдартай талх нарийн боовны газар байдаг. Кевин бол даруй энэ дэлгүүрийн эзэн юм. Хаалга онгойлгон дотогш ороход, талхны үнэр ханхалж, хүмүүсийн сэтгэлийг татана. Дэлгүүрийн тансаг, ээлтэй Британи маягийн чимэглэл нь хүмүүст тав тухтай мэдрэмж төрүүлнэ. Биднийг очиход Кевин цехэдээ талх хийн маш завгүй байв. 

Ярианы үеэр үйлчлүүлэгчид үе үе талх авахаар орж ирж байлаа. Кевин хэлэхдээ: дэлгүүрт байгаа бүх талхыг цөм өөрөө хийдэг бөгөөд өдөр бүр 12.00 цагт л жаахан амарч чаддаг. Баярын өдрүүдэд үйлчлүүлэгч олноор ирэх үед би өглөөнөөс орой болтол бараг л амрах завгүй яаруу байдаг гэлээ.  

Английн Эдинбург хотод төрсөн Кевин 14 настайгаасаа жижиг хотын талх нарийн боовны үйлдвэрт ажиллаж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш тэрээр талх нарийн боов шарж жигнэх ажил лугаа хувь барилдлагатай болжээ. Үүний дараа Кевин ресторанд тогоочоор ажиллаж, бас зочид буудлын дизайны салбарт 30 гаруй жил ажиллаж байв. 2017 онд Кевин найзынхаа урилгаар Инчуань дахь өндөр зэрэглэлийн зочид буудалд ажиллахаар болжээ. Энд бас тэрээр хайртайгаа учирч амжижээ.   

Учир нь нэг хүн нэг хотод хайртай байдаг. Энэ үг Кевинд төгс тохирно. Франц, Австрали, Арабын Нэгдсэн Эмират улс, Шинэ Зеланд, Индонез зэрэг дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч байсан Кевины хувьд, Хятадын баруун хойд хэсэгт орших энэ жижиг хотод онцгой дуртай байдаг ажээ. Эцэст нь тэр хайрттайгаа гэр бүл зохиож, энд суурьшихаар шийдсэн байна.   

Тэрээр хэлэхдээ: “Инчуань бол хангалттай том хот, танд хэрэгтэй бүх зүйл энд байдаг. Энэ бол бас хангалттай жижиг хот юм, амьдралын хэмнэл тийм ч хурдан биш, замын хөдөлгөөн тийм ч муу биш юм, тэгэх мөртөө хэт их хөл хөдөлгөөнтэй биш, надад яг тохирсон хот юм” гэжээ.   

Зочид буудалд ажиллаж байхад, барууны онцлогтой ресторанаас талхны үнэр ханхална, Кевин санамсаргүй үнэртэх үедээ үргэлж гүнзгий амьсгаа авдаг байлаа, энэ танил үнэр түүнийг согтууруулжээ. Аажмаар тэр анхилуун үнэр түүнийг хүрээлж, удаан үргэлжлэхийг тэрээр олж мэдэв. Энэ бол даруй түүний зүрх сэтгэлийн гүнд нуугдаж буй энгийн бөгөөд цэвэр талх жигнэмэгийн мөрөөдөл юм. Хоёр жилийн өмнө Кевин анхны хүсэл эрмэлзэлдээ эргэн орж, мөрөөдлөө зоригтой биелүүлэхээр шийдэв, ингээд тэрээр найзуудтайгаа хамт Инчуань дахь энэ талх нарийн боовны газрыг нээсэн байна. Кевиний нүдэнд талх жигнэмэг амьд байдаг. 

Тэрээр хэлэхдээ: “Талх жигнэмэг бол нэгэн шинжлэх ухаан юм. Талх хийх үедээ дагаж мөрдөх ёстой жор байдаг, гэхдээ бас тодорхой ур чадвар болон туршлага шаардлагатай байдаг. Түүнчлэн бас эрхбиш сэтгэлээ шингээж, түүнийг хамгаалах хэрэгтэй. Талх нь амьд байдаг болохоор, түүнийгээ сайн арчилж, баярлуулах хэрэгтэй” гэжээ. 

Нэг, хоёрдугаар зэрэглэлийн олон хөгжингүй хоттой харьцуулахад, Инчуань хотын хүмүүс барууны хоол хүнсийг хүлээн авах нь тийм ч өндөр биш юм. Анх талх нарийн боовны цехийг нээхэд үйлчлүүлэгч маш цөөн байсан ажээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Инчуань хотын улам олон хүмүүс Кевиний талх нарийн боовны дэлгүүрийн талаар мэддэг болсон бөгөөд Кевиний зүрх сэтгэлээ гарган хийсэн талханд дуртай болжээ. Түүний талх нарийн боовны дэлгүүр нь бас орон нутгийн алдартай интернет дэлгүүр болжээ. 

Тэрээр хэлэхдээ: “хүмүүсийн хооллох зуршил нь хэзээд өөрчлөгдөхгүй хэвээр байдаг биш юм. Хятадуудын үзэл ойлголт улам бүр нээлттэй болж, янз бүрийн зүйл туршиж үзэх, өөр өөр хоол идэж үзэх хүсэл эрмэлзэлтэй болжээ. Үйлчлүүлэгчид миний хийсэн талхыг идсэний дараа, ихэвчлэн дахин үйлчлүүлэгчид болж хувирдаг” гэжээ.   

Гэсэн хэдий ч жинхэнэ Британийн талх хийхийг баримтлахын зэрэгцээ Кевин нутгийн иргэдийн амтанд зохицуулж, илүү олон үйлчлүүлэгчдийг татахын тулд нутгийн иргэдийн хооллох зуршлыг харгалзан үзэж, хүмүүст илүү хүлээн зөвшөөрөгдсөн, танил болсон зүйлсийг хийж түгээх болсон юм.   

Соёлуудын нэгдэл, мөргөлдөөн, хүмүүс хоорондын харилцааны явцад хооллох зуршлын ялгаа аажмаар алга болдог. Кевиний талх нарийн боовны дэлгүүр бий болсноор, Инчуань хотын улам олон хүмүүс Британийн талхны талаар мэддэг болсон байна. харин талх нарийн боовны үйлдвэрийг ажиллуулах явцад, Кевин Хятадад илүү гүн зузаан хайр сэтгэлтэй болж, энд өрнөж буй хурдан өөрчлөлт хөгжлийн гэрч болсон байна. 

Тэрээр хэлэхдээ: “Сүүлийн жилүүдэд Инчуаньд гарсан өөрчлөлтүүд үнэхээр гайхалтай. Нэн олон өндөр барилгууд баригдаж, хот эрчимтэй хөгжиж, эдийн засаг ч маш хурдацтай өсч байна” гэжээ.   

Одоо Кевиний талх нарийн боовны дэлгүүр нь орон нутагтаа алдартай төдийгүй бүх Хятад улс даяар үйлчлүүлэгчидтэй болжээ. Цаашид дэлгүүрээ өргөтгөж, улам олон хятад хүн түүний хийсэн жинхэнэ англи талхыг амтлах боломж бий болгохыг Кевин хүсч байгаа ажээ.