Дэлхийн хүн ам энэ онд 8 тэрбумаас давах төлөвтэй байна
2022-07-13 16:16:48
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 11-ний дэлхийн хүн амын өдөрт холбогдуулан НҮБ-ын нийтэлсэн "Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022" тайлангаас үзэхэд, дэлхийн хүн амын тоо энэ оны 11-р сарын 15-ны өдөр гэхэд 8 тэрбумаас давах төлөвтэй байна. 

НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн төсөөллөөс харахад, дэлхийн хүн ам 2030 он гэхэд 8.5 тэрбумд хүрч, 2050 он гэхэд 9.7 тэрбум болж өсөх төлөвтэй бөгөөд тус зууны 80-аад он гэхэд 10.4 тэрбумд хүрч, тус зууны эцэс хүртэл энэ түвшинг хадгалах төлөвтэй байна.

Улс орнуудын төрөлтийн түвшин сүүлийн хэдэн арван жилд мэдэгдэхүйц буурч, дэлхийн хүн амын өсөлт 1950 оноос хойш анх удаа 2020 онд 1 хувиас доош болтол буурсан гэж тайланд дурджээ. 2022-2050 оны хооронд 61 улс орон, бүс нутгийн хүн ам 1% буюу түүнээс илүү хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Египет, Этиоп, Энэтхэгт, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг найман орон төвлөрөх төлөвтэй байна.

Уг тайланд, дэлхийн 65 буюу түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь хэмжээ 2022 онд 10 хувь байсан бол 2050 он гэхэд 16 хувь болж өсөх төлөвтэй байна. Тухайн үед дэлхийн 65 буюу түүнээс дээш насны өндөр настнуудын хүн амын тоо 5-аас доош насны хүүхдийн тооноос хоёр дахин их болох бөгөөд 12-аас доош насны хүүхдүүдийн тоо хэмжээтэй дөхөж очих магадлалтай байна гэж тэмдэглэжээ. 

2019 онд дэлхийн хүн амын дундаж наслалт 72.8 байсан нь 1990 оныхоос бараг 9 насаар нэмэгдсэн ч энэ тоо 2021 онд 71.0 нас хүртэл буурсны гол шалтгаан нь цар тахлын нөлөөллөөс болсон юм. Үүнээс гадна, 2021 онд тааруу хөгжилтэй орнуудын дундаж наслалт дэлхийн дундаж наслалтаас 7 нас бага байна гэж тайлан онцлоод, дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд ойролцоогоор 77.2 нас хүрнэ гэж төсөөлжээ. 

Тэгвэл дэлхийн хүн амын сүүлийн үеийн жагсаалтаас үзэхэд, 2022 оны 4-р сарын байдлаар дэлхийн 238 улс орны нийт хүн ам 7 тэрбум 898 сая 236 мянга 143 хүн байгаагаас Хятад улс 1 тэрбум 447 сая 301 мянга 400 хүн амаараа нэгдүгээр байранд жагсаж, дэлхий дээр хамгийн олон хүн амтай орон болсон бол Энэтхэг 1 тэрбум 403 сая 18 мянга 576 хүн амаараа хоёрдугаар байранд жагсаж, 3-10-р байранд АНУ, Индонез, Пакистан, Нигери, Бразил, Бангладеш, Орос, Мексик жагсжээ.
Харин Франсын Пресс агентлагийн мэдээлснээр, НҮБ 7-р сарын 11-ний өдөр нийтэлсэн тайландаа, 2023 он гэхэд Энэтхэг улс Хятадыг давж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, "Хүн амын эдгээр тоо баримт нь хүн төрөлхтний оршин амьдардаг дэлхий ертөнцөө хамтдаа халамжлах үүрэг хариуцлагатай гэдгийг бидэнд сануулж байна."

Дэлхийн хүн амын өсөлт 1950 оноос хойших хамгийн удаан хурдтай нэмэгдэж байна гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын урьдчилсан мэдээлэлд дурджээ. 

Дэлхийн хүн ам 1 тэрбум хүртэл өсөхөд хэдэн зуун мянган жил зарцуулсан, түүнээс хойш 200 орчим жилд хүн ам 7 дахинаар нэмэгджээ. 2011 онд дэлхийн хүн ам 7 тэрбумыг давж, 2021 онд 7 тэрбум 900 мянгыг дөхжээ. Энэ мэтээр 2100 он гэхэд тогтсон түвшинд байх шинжтэй байна.

Төрөлтийн түвшин болон дундаж наслалтад асар их өөрчлөлт гарлаа. 20-р зууны 70-аад оны эхээр эмэгтэйчүүд нэг бүр дунджаар 4-5 хүүхэд төрүүлдэг байсан бол 2015 он болоход, дэлхийн нийт төрөлтийн түвшин буураад нэг эмэгтэй 2-5 хүүхэд төрүүлэх болжээ. Дэлхийн дундаж наслалт 20-р зууны 90-ээд оны эхээр 64.6 нас байсан бол 2019 онд болоход дээшлээд 72.6 нас болсон гэж тайланд дурджээ.