Япон цөмийн бохир усаа далайд зайлуулахын үр дагавар
2022-07-23 12:24:25
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Атомын эрчим хүчний зохицуулалтын хороо 22-ны өдөр Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн дэвшүүлсэн Фукушимагийн 1-р цөмийн цахилгаан станцын цөмийн бохир усыг далай уруу зайлуулах төлөвлөгөөг албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

Одоогийн байдлаар, Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцад 1 сая 250 мянган тонн цөмийн бохир ус бий. Цөмийн бохир усан дахь цацраг идэвхт изотопуудыг цэвэрлэхэд хэцүү гэдгийг эрдэмтэд онцолж байсан бөгөөд бохир усыг далайд цутгавал 57 хоногийн дотор эдгээр бодисууд Номхон далайн ихэнх хэсэгт тархаж, 10 жилийн дараа дэлхийн бүх далай тэнгист сөргөөр нөлөөлнө. Ийм учраас Японы засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бохир усаа далайд цутгах буруу шийдвэр гаргаснаас хойш олон улсын хамтын нийгэмлэг болон Японы ард түмэн эргэлзээтэй байр сууриа илэрхийлж, эсэргүүцсээр ирсэн юм.
Үүнтэй холбогдуулан Япон нь талуудтай даруй холбоо барьж, цөмийн бохир усыг зайлуулах төлөвлөгөө хууль ёсонд нийцэх эсэх, мэдээллийн найдвартай байдал, цэвэршүүлэх төхөөрөмжийн үр дүн болон байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний талаар шинжлэх ухааны судалгаа хийж хамтран ажиллаагүй. Японы улстөрчид  харин дүлий дүрд тоглосоор байна.
Өнгөрсөн жил Япон бохир усаа далайд цутгах шийдвэр зарлахад тухайн үеийн Японы Сангийн сайд Таро Асо цөмийн бохир усыг цэвэршүүлсний дараа ууж болно гэж байлаа. Мөн Японы тал далайд цутгах “цөмийн бохир ус”-ыг “ALPS технологиор цэвэршүүлсэн ус” гэж зориуд савласан ч үнэн хэрэгтээ “аюулгүй, найдвартай” болгох шүүлтүүрийн технологийг огт эзэмшээгүй. Энэ жил тэд ОУАЭА-ийн техникийн ажлын хэсгийг хоёр удаа урьж, газар дээр нь ажиллуулаад ямар нэгэн дэмжлэг үнэлгээ авсан мэт баширласан ч үнэндээ уг байгууллага нь бохир усыг далайд цутгах төслийн талаар дүгнэсэн байр суурь илэрхийлээгүй. Үүний зэрэгцээ тодорхойлох шаардлага, сайжруулах санал дэвшүүлсэн нөхцөл байдалд Японы улстөрчид уг төлөвлөгөөгөө мөн л хүлээн зөвшөөрсөн байна. Энэ үйлдэл нь “Цөмийн террорист халдлага хийсэнтэй ялгаагүй” хэмээн БНСУ-ын Байгаль орчны байгууллага үнэлжээ.

Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг зайлуулах нь Японы нэг л талын хувийн асуудал биш юм. Япон улс өөртөө цаг хугацаа, мөнгөө хэмнэхийн тулд дэлхий нийтийг түүний өмнөөс төлбөр төлүүлэх ёсгүй. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн хуулийн конвенцод заасны дагуу бүх улс орнууд далайн орчныг хамгаалах үүрэгтэй бөгөөд "бүх улс орон олон улсын эрх зүйн дагуу үүрэг хариуцлагаа хүлээх ёстой". Хэрэв Япон харанхуй тал руугаа явахыг баримтлах юм бол олон улсын хамтын нийгэмлэг хууль ёсны дагуу хариуцлагыг нь хүлээлгэж, нөхөн олговор төлүүлэх болно.