Хятад дарсыг дэлхийд сурталчилдаг Франц охин
2022-07-28 15:28:28
Share
Share this with Close
youtube WeChat


Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Хятад улсад ирж үйлс босгосон гадаад иргэн зөндөө бол өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын үзмийн дарс буюу веног дэлхийд сурталчилдаг Франц охины талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Виноны үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Бургундид төрж өссөн Франц охин Чэнь Шаньни Хятадын баруун хойд нутгийн Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Оронд ирж, Хятад дарсыг дэлхийд сурталчлах, даян дэлхийн вино сонирхогчдод Ниншягийн чанар сайтай дарсыг таниулахыг хичээн ажиллаж байна.   

Ниншягийн төв Иньчуань хотоос гарч Хэ Лань Шань уулын зүүн хормой дагаж цаг гаруй яваад үзмийн тариаланд хүрээлэгдсэн гуйт сайхан эдлэнд хүрч ирнэ, энэ бол Чэнь Шаньнигийн ажлын газар.

Чэнь Шаньни бол энэ эдлэнгийн олон улсын брэндийн элч байж, тэрээр урсам сайхан хятад хэлээр энд ирсэн зочдод өвөрмөц содон бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь энэ юм.

Тэрээр, дэлхийн улс түмний үг яриа нь өөр өөр байдаг ч тэд хамтдаа вино ууж найз нөхөд болдог нь бас ч сонирхолтой учир юм гэжээ.

Чэнь Шаньни Францын Бургундид усан үзмийн тариалан, виноны анхилуун үнэр дунд төрж өссөн болохоор хар багаасаа виноны үйлдвэрлэл, холбогдох соёлын талаар сонирхож, сурч эзэмшсэн байдаг. Эх орондоо оюутан байхдаа тэрээр хятад хэл, хятад соёлын талаар сонирхож, бакалавраа хятад хэлний мэргэжлээр дүүргэжээ. Мөн оюутан цагтаа Хятад улсад ирж, Сычуаьний их сургуульд нэг жилээр мэргэжил дээшлүүлсэн бол энэ үеэр тэрээр Хятад улсын талаар нэлээд сайн ойлголттой болсон аж. Эх орондоо буцсаны дараа тэрээр байнга Хятад улсын тухай сонирхож судалдаг байсан бол хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн 2011 онд Хятад улсад ирж Франц виноны Ази дахь төлөөлөгчөөр ажиллажээ.

Чэнь Шаньни: “Би Хятад улсад маш хайртай, яг л винонд хайртай шигээ л... Тэгээд Хятад улсад ямар нэг хувь нэмэр оруулах вэ гэж байнга бодож явдаг.”

Одоогоос гурван жилийн өмнө Ниншягийн Хэ Лань Шань уулын зүүн бэл дагуух усан үзмийн тариалалт, виноны үйлдвэрлэлийн хөгжил Чэнь Шаньнигийн анхаарлыг татжээ. Энэ газрыг бас Хятадын "Бордо" ч гэдэг. Чэнь Шаньни ажлаа сольж, гадаадын виног Хятадад сурталчилж борлуулж байснаасаа эргээд Хятадын Ниншя нутгийн виног хилийн чанадын зах зээлд гаргах ажил хийх болсон байна.

Чэнь Шаньни: “Хүн нэг насандаа ямар нэгэн салбарын хөгжлийн эхний үе шатанд гар бие оролцож ажиллана гэдэг бол чухал мөртөө ховор боломж. Тиймдээ би ийм сонголт хийсэн юм. Хятад улсад хувь нэмэр оруулахын зэрэгцээ цоо шинэ ажил төрлийн салбарын хөгжилд гар бие оролцоно гэдэг маш ховор тохиох боломж юм.”

Ниншяд ирсний дараа Чэнь Шаньни бүх анхаарлаа виноны үйлдвэрлэлд төвлөрүүлжээ. Эдлэнгийн олон улсын брэндийн элч, олон улсын ажил хариуцсан захирал болохын хувьд тэрээр өдөр бүр маш завгүй ажилладаг.

Тэрээр, би их азтай хүн, энэ миний дуртай ажил болохоор зав чөлөө багатай ч би ядардаггүй гэв.

2021 оны эхээр Чэнь Шаньни Францдаа буцаж бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнд оролцсон бол энэхүү боломжоор Ниншягийн виног Францын зах зээлд нэвтрүүлэхийг зорьжээ. Гэвч арга хэмжээ дуусмагц КОВИД-19 цар тахал дэгдэж, тэрээр төлөвлөгөө ёсоор Хятад улсад буцаж чадсангүй, эх орондоо бүтэн найман сар байсан бол энэ хугацаанд эдлэнгийн үйлдвэрлэл зэрэг нь түүнийг өдөр болгон нойр хулжааж байв.

Чэнь Шаньни: “Маш яарч сандарсан. Тэр үед л Хятад улсад ямар их дассан гэдгээ мэдэрсэн. Хүмүүс сонсоод инээд нь хүрэх байх. Найман сар эх орондоо байж байгаад 2021 оны 9-р сард Хятад улсад ирсэн.”

Өдгөө Хятад улсад идээшиж дассан Чэнь Шаньнигийн хамгийн том мөрөөдөл бол даруй Хятадын виног дэлхийд сурталчилж таниулах явдал юм. Хэдийгээр олон улсад дарсны үйлдвэрлэлийн маш олон нэртэй, боловсронгуй бүс байж, Ниншя нь сүүлд хөгжиж буй шинэ бүс боловч Чэнь Шаньни Ниншягийн усан үзмийн тариалалт, виноны үйлдвэрлэлийн хэтийн хөгжилд итгэл дүүрэн аж.

Чэнь Шаньни: “Эндэх хөгжлийн нөөц маш их. Одоогоор виноны чанар маш сайн болж, нэгэнт дэлхийн хамгийн шилдэг чанарын виноны стандартыг хангасан үйлдвэрлэлийн хэд хэдэн бүстэй болсон. Ирэх хэдэн жилд улам бүр том өөрчлөлт хөгжилтэй байх болно гэж би бодож байна.”