Хятадын сансар судлалын ололт амжилт ба хөгжлийн чиг хандлага
2022-08-01 08:49:00
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс. Өдгөө тус улс шиг хурдацтай хөгжиж буй улс орон өөр байхгүй гэхэд хилсдэхгүй.

Хятад улс нийгэм-эдийн засгийн хөгжил, ядуурлын эсрэг тэмцэл, газар нутгаа цөлжилтөөс ангижруулах, ногоон буюу байгаль орчинд ээлтэй хөгжлийг хөхиүлэн дэмжих, шинжлэх ухаан технологийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулах зэргээр янз бүрийн салбарт ихээхэн ололт амжилттай явна.
Тэр дундаа сансар судлалын салбарт тус улсын гаргаж буй ололт амжилтыг дэлхийн нийт өнөөдөр гэрчлэн харцгааж байна.
БНХАУ “Тяньгүн”  буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрийдсэн үндэсний сансрын станцаа бага тойрог замд 340-450 км-ийн өндөрт барьж байгаа билээ. Тус улс сансрын станцынхаа үндсэн модуль болох “Тяньхэ”-г  2021 онд тойрог замд амжилттай оруулсан бол энэ онд хоёр модуль нэмж хөөргөснөөр станцыг тойрог замд угсрах ажил нь үндсэндээ дуусах юм.
Тодруулбал, тус улс сансрын станцтай холбогдох “Вэньтянь” лабораторийн бүхээгийн модулийг 7-р сарын 24-нд, “Мэнтянь” лабораторийн бүхээгийн модулийг хөөргөж, энэ оны 10 дугаар сард багтаан тус тус хөөргөхөөр төлөвлөж байна. Харин ирэх онд “Сюньтянь” хэмээх одон орны дуран авай буюу телескопыг хөөргөх юм.
Сүүлд буюу өнгөрсөн 6 дугаар сард Хятад улсын "Шэньжөү-14"  нисэгчтэй сансрын хөлөг гурван сансрын нисэгчийг сансарт хүргэсэн бөгөөд сансрын нисэгчид нь тэнд зургаан сар байрлана.
Хятадын шинэ сансрын станц нь одоогоор сансрын нисэгчдийн баг байрлан ажиллаж буй хоёрхон сансрын станцын нэг юм. Нөгөөх нь Олон улсын сансрын станц (ОУСС).
Мөн Хятад улс нь өөрийн хөлгөөр сансарт нисэгчдээ илгээсэн болон өөрийн гэсэн сансрын станцтай болж буй дэлхийн гурав дахь орон юм. Нөгөө хоёр нь хуучин ЗХУ /одоогийн ОХУ/ болон АНУ билээ..
Олон улсын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хятад улсын “Тяньгүн” сансрын станцын өмнө маш том “боломж” бий. Тодруулбал, тус станц нь 2031 онд ашиглалтаас гарах ОУСС-ыг орлох төлөвтэй байна.
Сар, ангараг ба түүнээс цааш хүрэх эрмэлзэл

Хятадын сансар судлалын салбарын хөгжлийн төлөвлөгөө, хүсэл эрмэлзэл нь сансрын станцаар хязгаарлагдахгүй.
Хятад улс 2030 он гэхэд саран дээр анхны сансрын нисэгчдээ газардуулах зорилт тавин ажиллаж байна.
Хятадын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улс өөрийн баг бүрэлдэхүүнээ саран дээр газардуулах, шинэ сансрын хөлөг бүтээх зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна.  Мөн саран дээр судалгааны станц байгуулахын тулд бусад улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус улс мэдэгдээд байгаа юм.
Хятад улс сарнаас ч цааш харж байна. Тус улс Ангараг болон Бархасбадь зэрэг гарагаас дээж цуглуулах ажлыг үндсэндээ эхлүүлээд буй юм. Мөн 2033 он гэхэд Ангараг руу баг бүрэлдэхүүнээ илгээж, тэнд бааз байгуулахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн онд зарласан юм.
Түүнчлэн “сансрын физик”-ийн судалгааны ажил, тэр дундаа амьдрал байж болохуйц гарагуудыг эрэлхийлэх судалгаагаа үргэлжлүүлсээр байхаа тус улс мэдэгдсэн билээ.
/Г.Солонго/