Номын дэлгүүрүүдэд тулгарч буй сорилт хийгээд шинэ өөрчлөлт
2022-08-03 16:27:54
Share
Share this with Close
youtube WeChat

Японы SAKAMAGA сэтгүүл саяхан “Японы номын дэлгүүрүүд Хятадын номын дэлгүүрийн эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс суралцаж болох юм” нэртэй нийтлэл хэвлэжээ. Интернет дэх мэдээллийн хүчтэй давлагааны нөлөөгөөр Японы маш олон номын дэлгүүр хүндхэн сорилттой тулаад байна. Зөвхөн 2020 онд Японы номын дэлгүүрийн тоо 50 хувиар багасжээ. Харин Хятад улсад шинэ номын дэлгүүрүүд нээгдсээр байгаа юм. Уг нийтлэлд “Хятадын номын дэлгүүрүүд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэгдэн борлуулалтын цар хүрээгээ өргөтгөн, зардлаа хэмнэж, номын дэлгүүрийн уламжлалт загвартаа зоригтой өөрчлөлт хийж байна. Тэдний энэ уян хатан сэтгэхгүй, эрэл хайгуулаас бид суралцах ёстой юм” гэжээ.

Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Хятадын номын дэлгүүрийн салбар зах зээлийн ихээхэн давуу талыг бий болгосон билээ. “2021 оны номын жижиглэн худалдааны зах зээлийн тайлан”-гаас үзэхэд интернет болон цар тахлын давхар нөлөөн дор байгаа ч гэлээ 2021 онд Хятад улсын номын жижиглэнгийн худалдааны хэмжээ 98 тэрбум 680 сая юаньд хүрч, 2020 оныхоос 1.6 хувиар нэмэгджээ. Үүнээс номын дэлгүүрийн худалдаа 4.09 хувиар нэмэгдэж, 21 тэрбум 200 сая юаньд хүрэв. Цар тахал үргэлжилсэн хэвээр ч гэлээ Хятадын номын дэлгүүрийн өргөжих хурдыг зогсоож чадсангүй. 2020 онд Хятад улсад шинээр нэмэгдсэн номын дэлгүүрийн тоо хаагдсан номын дэлгүүрийн тооноос 2.6 дахин их болж нийт 2488-аар нэмэгджээ. Зөвхөн Бээжин хотод гэхэд номын 600 дэлгүүр шинээр нэмэгдсэн нь мөн онд АНУ-д шинээр нэмэгдсэн номын дэлгүүрээс найман дахин их байна.

Европ, Америкийн номын дэлгүүрүүдийн нэгэн адил Хятадын номын дэлгүүрүүдэд ч хүндхэн сорилт тулгараад байна. Цар тахал дэгдэхээс өмнө онлайн номын дэлгүүрүүд хямд үнэ, түргэн шуурхай үйлчилгээгээрээ уламжлалт буюу биет номын худалдааны орон зайг шахсаар байв. Холбогдох тоо бүртгэлээс үзэхэд Хятад улсад онлайн номын дэлгүүрийн борлуулалт 2016 онд уламжлалт номын дэлгүүрийнхийг давж, 2021 он гэхэд онлайн номын дэлгүүрийн борлуулалт уламжлалт номын дэлгүүрийнхээс дөрөв дахин их болжээ. Цар тахал нь уламжлалт номын дэлгүүрт илүү их сорилтыг авчирч, олон номын дэлгүүр урьд өмнө байгаагүй хүндрэлтэй тулгарч, ном хэвлэлийн салбар ч шилжилт өөрчлөлт хийхээс өөр аргагүйд хүрчээ. “2020-2021 оны Хятадын уламжлалт номын дэлгүүрийн салбарын тайлан”-гаас үзэхэд 2020 онд Хятадын номын 208 дэлгүүрийн орлого өмнөх жилээсээ 70 хувь хүртэл буурсан байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын уламжлалт номын дэлгүүрүүд бэрхшээлийг ялан давахын тулд бизнесийн шинэ арга хэлбэрийг зоригтой эрэлхийлж байна. Номын дэлгүүрүүд зохиолчидтой хамтран ажиллахыг илүүд үзэж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, чөлөөт уншлага зэргийг зохион байгуулах болов. Мөн олонх номын дэлгүүр уламжлалт бизнесийн хүрээгээ тэлж, дэлгүүртээ бэсрэг үзэсгэлэн гаргах, кофе булан ажиллуулах зэргээр илүү сонирхолтой, таатай орчныг бүрдүүлж байна.

Хятадын засгийн газар ч түрээсийн хөнгөлөлт, татварын чөлөөлөлт, санхүүгийн тусламж, зээлийн дэмжлэг зэргээр номын дэлгүүрээ дэмжих цогц бодлого хэрэгжүүлж байгаа.