Орос Украин бие биенээ буруутгаж байна
2022-08-07 17:17:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-ны орой Украины Цөмийн эрчим хүчний үндэсний корпораци мэдэгдэл нийтэлж, Оросын арми Запорожьегийн цөмийн цахилгаан станцыг буудсан нь дэд бүтцийг сүйтгэж, Украины эрчим хүчний системээс салган, Украины Өмнөд нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг таслах зорилготой юм гэжээ.  Оросын арми нь Запорожьегийн цөмийн цахилгаан станцыг буудах замаар цөмийн цацраг идэвхтэй бодис алдагдах осол үүсгэхийг хүсэж байна. Энэ зорилтдоо хүрэхээс өмнө довтолгоогоо зогсоох боломжгүй гэж Украин мэдэгдэлдээ тэмдэглэжээ.  Украин НҮБ, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Дэлхийн цөмийн операторуудын холбоо  буюу WANO-д хандан, олон улсын хамтын нийгэмлэгүүд Орост урт хугацааны шахалт үзүүлэх замаар Оросыг Запорожьегийн цөмийн цахилгаан станцаас цэргээ гаргаж, түүнийг бүрэн цэрэггүй болгохыг уриалжээ.

Оросын Батлан хамгаалах яам 6-ны орой мэдэгдэл нийтэлж, Киевийн засгийн эрх баригчид Украины цөмийн эрчим хүчний байгууламжуудад системтэйгээр өдөөн хатгалгаа хийж, аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж буруутгажээ. Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, 2022 оны 8-р сарын 5-ны өдөр Украины үндсэрхэг үзэлтнүүд Запорожье цөмийн цахилгаан станцын ажилтан ажлын цагийн хуваарийн дагуу ээлжээ солих үеэр Запорожье руу буудсан гэжээ. Буудлагын улмаас өндөр хүчдэлийн хоёр шугам, устөрөгчийн нэг хоолой эвдэрч, Запорожье орчмын 10 мянга гаруй оршин суугч ус, цахилгаангүй болсон байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний ангиуд тус байгууламжийг хамгаалахын тулд зохистой, оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авсны ачаар цөмийн цахилгаан станцын гол гол дэд бүтэц эвдэрсэнгүй үлдлээ гэжээ.
Киевийн эрх баригчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг буруушааж, даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэн, Украин дахь цөмийн байгууламжуудад өдөөн хатгалгаа хийхээс урьдчилан сэргийлэхийг ОХУ нь НҮБ, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг болон бусад олон улсын байгууллагуудад хандан дахин уриалав.