Дэлхийн роботын хурал Бээжинд
2022-08-09 16:45:39
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны дэлхийн роботын хурал наймдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Бээжингийн Ичуан олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. “Хамтдаа бүтээж, хуваалцаж, хэлэлцэж, хожих” уриатай тус арга хэмжээ нь форум, үзэсгэлэн, тэмцээн гэсэн гурван хэсэгтэй. Хятадын роботын салбарын хөгжлийн тайлан-2022, роботын салбарын 10 шинэ нээлт, робот хэрэглээний шилдэг 10 бүтээгдэхүүн зэргийг хурлын үеэр танилцуулах ажээ. Мөн үеэр анх удаа олон нийтэд танилцуулж байгаа хүн дүрст роботууд, 100 робот нохойн бүжиг гэхчлэн тус салбарын дэвшлийг харуулсан гайхалтай үзэсгэлэн, үзүүлбэрүүдээр бэлэг барина.

2022 оны дэлхийн роботын хурлын үерх форум нь нээлтийн ёслол, гурван тусгай сэдэвт форум, 20 гаруй салбар форум болон туслах үйл ажиллагаанаас бүрдэх юм байна. Онлайн болон оффлайн хэлбэрээр форумыг зохион байгуулах ба Хятадын болон олон улсын академич, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, роботын салбарын нийгэмлэг, холбоодын төлөөлөгч нийт 300 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.

Энэ жилийн хуралд Ухаалаг систем, роботын хүрээлэнгийн (ISIR) захирал Ража Чатила урилгаар оролцож, робот ба хиймэл оюун ухааны ёсзүйн асуудлаар илтгэл тавьж, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хүний нийгэмд авчирч буй эерэг сөрөг нөлөөллийн талаар байр сууриа илэрхийлнэ. Энэ жилийн форумын гол агуулга нь “Робот+” гэх сэдэв бөгөөд дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, сансар судлалд нэвтэрч буй ухаалаг систем, олон улсын хамтын ажиллагаа, сүүлийн үеийн технологи, хиймэл оюун ухаан гэх сэдвийн хүрээнд ярилцах ажээ.

Тус форумын бас нэгэн шинэлэг зүйл нь хүн дүрст болон амьтны дүрст робот, дронууд индэрт гарч илтгэл тавих юм.

Дэлхийн роботын хурлын үзэсгэлэнд хүмүүс ихээхэн анхаарал хандуулдаг. Энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгжийн 500 гаруй бүтээгдэхүүн оролцох юм байна. Үзэсгэлэн нь шинэлэг технологи, үйлдвэрлэлийн робот, үйлчилгээний робот, тусгай хэрэглээний робот зэрэг хэдэн хэсгээс бүрдэн, роботын дэвшсэн технологи, бүтээгдэхүүнийг танилцуулна.

Энэ жилийн үзэсгэлэнд “Робот+хэрэглээ” гэх үзэсгэлэнгийн шинэ загварыг хэрэгжүүлж, ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг барилга, ухаалаг хөдөө аж ахуй, ухаалаг уурхай, ухаалаг эмчилгээ, ухаалаг ложистик, ухаалаг худалдаа, ухаалаг дрон, ухаалаг яаралтай тусламж зэрэг олон салбар дахь роботын бодитой хэрэглээг дэлгэн үзүүлэх юм.

Хурлын гол агуулгатай зохицуулан энэ жилийн үзэсгэлэнд хэт хүйтэнд дасан зохицох дэд станцын хяналтын робот, алим түүдэг робот, нэмэх 1000 градусын өндөр температурт гал унтраах робот, Panda-5 дөрвөн хөлт робот зэрэг хамгийн шинэ үеийн бүтээгдэхүүнийг оролцуулна.

Дэлхийн роботын тэмцээн долоон удаа амжилттай зохион байгуулагдаж, роботын салбарын олимп гэгдэх болжээ. Энэ жилийн хувьд тэмцээний төрөл, оролцогчийн тоо илт нэмэгджээ. Өмнө нь зургаан төрлийн тэмцээн болдог байсан бол одоо 12 төрлөөр өрсөлдөнө.

Дэлхийн роботын их хурал 2015 оноос эхлэн зургаан удаа зохиогдсон. Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооны дэд захирал Пэн Шюехай хэлэхдээ “Бид анхны хурлаас хойш дэлхийн шилдэг 1000 гаруй роботын компанитай харилцаа тогтоож, 17 орны 800 гаруй компанийн 3000 гаруй бүтээгдэхүүнийг үзэсгэлэндээ оролцуулжээ. Энэ жилийн хуралд Бээжингийн роботын салбарын 40 гаруй компани оролцож, тус салбарын шинэ амжилт ололтыг олонд танилцуулах болно гэжээ.