Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц
2022-08-09 10:55:05
Share
Share this with Close
youtube WeChat

Чингис Лэнд Девелопмент группын Бизнес хөгжлийн газрын захирал Д.Эрдэнэбилэгтэй хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцлаа.

-Автозамын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөө талаар танилцуулна уу?

-Чингис Лэнд Девелопмент групп нь 2012 онд Төрийн өмчийн хорооноос зарласан "Азийн авто замын сүлжээний AH3 хурдны авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер"-т шалгарч Концесс эзэмшигч болж улмаар 2014 оны гуравдугаар сарын 09-ний өдөр тухайн үеийн Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай "Барих-Ашиглах-Шилжүүлэх" нөхцөл бүхий 30 жилийн хугацаатай концессийн гэрээ байгуулсан. Тодруулж хэлбэл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 1000 км-т үргэлжлэх олон улсын стандарт нийцсэн бүтээн байгуулалтын ажил юм.

Гэрээг байгуулсанаас хойш төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн иж бүрэн судалгааны ажлыг олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан төдийгүй санхүүжилтийн эх үүсвэр ч шийдэгдсэн. Ерөнхийдөө бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн гэдгийг энд онцлох байна.

– Эдийн засаг хямарсан энэ үед төслийн санхүүжилтыг шийдсэн тухай сонсох сайхан байна. Харин ямар аргаар гэдгийг сонирхож болох уу?

– Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай байгуулсан концессын гэрээний хүрээнд ТЭЗҮ болон холбогдох суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа 2018 онд "Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк"-нд хүсэлт гарган холбогдох материалаа таницуулахад АДБХО Банк судалж үзээд санхүүжилтийг олгох боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь дэлхий дахиныг сөхрүүлсэн ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж багагүй хугацааг алдлаа. Тиймээс манай групп нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг тооцож үзээд төрд ямар нэгэн өр зээл, санхүү мөнгөний дарамт учруулахгүйгээр эх үүсвэрээ шийдвэрлэсэн. Нэмж хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг зарцуулахгүй, зээл авах болон ямарваа нэгэн баталгаа батлан даалт гаргах шаардлагагүй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Төслийн бүтээн байгуулалтын ажлын хугацаа, үр дүнгийн талаар тайлбар өгөх үү?

– Манай хамт олон эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн орон зайг баттай эзлэх бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний 0,5 жил буюу зургаан сарыг бэлтгэл ажилд , үлдсэн хугацаанд зам барилгын ажилд гэж төлөвлөсөн. Төслийн нийгэм- эдийн засагт үзүүлэх нөлөөг олон талаас нь харж, дан ганц эдийн засаг талаас нь бус олон тооны ШТС, зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний төвийг 80-100 км тутамд барихаар тооцоолсон. Мөн олон тооны дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болж трассын дагуух аймаг, сумдууд эдийн засгийн байдлаа төслийн хүрээнд өсгөх боломжтой юм. Үүнийг дагаад нийслэлийн хүн амын нягтрал багасана гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн орон нутгийн оршин суугчдын уламжлалт соёл, амьдрал ахуйд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, илүү олон ажлын байр бий болгож ажиллахыг зорьж байна.

Төсөл хэрэгжсэнээр…

• Суурин газрын хөгжлийн хүрээнд зам дагасан дагуул хотууд бий болно.

• Аж үйлдвэрийн паркууд, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн дэд бүтэц бий болж, худалдаа- эдийн засгийн хөгжлийн гол талбар нь болно

• Бүс нутгийн аялал жуучлал хөгжинө

• Бараа ,капитал , хөрөнгийн эргэлт урсгал нэмэгдэнэ

• Ложистик болон транзит ачааны хүргэлт үйлчилгээ шинэ шатанд гарна

• Байнгын болон түр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ

– Улсын хэмжээнд хувийн хэвшил мега төсөл хэрэгжүүлж буй анхны тохиолдол нь танайх шүү дээ. Төсөл хэрэгжих явцад бэрхшээл хэр олон гарав?

Бидний хичээл зүтгэлийг олж харсан та бүхэнд талархах байна. Бидний хэрэгжүүлж буй төсөл бол Улс орон бүс нутаг хамарсан үндэсний хэмжээний бүтээн байгуулалт. Тэр хэрээр гадаад, дотоод хүчин зүйл ямар байдлаар нөлөөлөх л юм. Үнэндээ цар тахлаас илүүтэй хувийн ашиг сонирхол бүхий улс төр, бизнесийн бохир бүлэглэл ихээхэн хүндрэл учруулсныг нуугаад яах вэ. Гэвч манай группын зүгээс эхэлсэн ажлаа дуусгахын төлөө илүү их хичээн ажиллаж байна. Монголчууд, монгол хүн, монгол компани хийж бүтээдэг, тэр тусмаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт бүхий төслийг хэрэгжүүлж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн.

Монголчуудад дэд бүтэц, зам харилцаа тээвэр логистик ямар их хэрэгтэй чухал болохыг сүүлийн хоёр жил харуулсан шүү дээ. Тиймээс Засгийн газр түвшинд энэхүү төслийг дэмжиж хамтарч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

– Засгийн газар Шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг хэрэгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд боомтуудаа авто зам, төмөр зам, хурдны авто замтай холбоно гэж тодорхойлсон?

– Шинэ сэргэлтийн бодлогыг хувь хүнийхээ хувьд маш их дэмжиж байгаа . Монгол Улсад өнөөдөр тулгамдаж байгаа асуудал бол боомт, тээвэр логистик. Үүнийг яаралтай шийдэхгүйгээр үйлдвэрлэл, худалдаа цаашлаад эдийн засгийн хөгжил дэвшил ярих боломжгүй юм. Нэмж хэлэхэд, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого буюу дунд болон урт хугацааны зорилтдоо хүрэхэд эрх зүйн орчин маш чухал. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай" хууль ус агаар шиг хэрэгтэй байна. Засгийн газар дан ганц бодлого ярихаас илүү түүнийг хэрэгжүүлэх механизмийг давхар авч яваа нь сайшаалтай . Яг энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа нь олзуурхууштай зүйл. Манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Эд нартайгаа л хэл амаа сайн ололцож харилцан ашигтай хамтарч ажиллахыг зорих ёстой.

БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И сайд "…Талын Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. БНХАУ-ын талаас дэвшүүлж байгаа "Бүс ба зам санаачилга", Монголын талаас дэвшүүлж байгаа "Талын зам", Хятадын талаас дэвшүүлж байгаа "Даян Дэлхийн Хөгжлийн санаачилга", Монголын талаас дэвшүүлж байгаа "Шинэ Сэргэлтийн бодлого"-ыг уялдуулан хөгжүүлж хоёр улсын харилцааны хөдөлгөгч хүч болгон тодорхойлж байна” гэсэн нь манай улсад олдож байгаа маш том боломж юм. Ван И сайд яагаад "Талын зам"-ыг онцлоод байна вэ гэхээр БНХАУ-ын "Бүс ба Зам санаачлага"- ын нэг хэсэг болсон Монголын 1000 км хурдны авто замын нөлөөллийг онцолж байгаа хэрэг шүү дээ. Хятад бол дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч улс. Хойд талд нь ОХУ болон Монгол гэсэн байгалийн асар их нөөцтэй хоёр улс байна. Түүгээр ч үл барам Евро-Азийн эдийн засгийг холбох хамгийн зөв, дөт гарц нь Монгол Улс байх бүрэн боломжтой гэж харж байна гэж ойлгогдож буй. Иймээс дан ганц төмөр зам, агаарын зам, орон нутгийн авто замууд хангалтгүй бөгөөд зайлшгүй олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам хэрэгтэй.

Чингис Лэнд Девелопмент Групп нь 2014 онд "Талын зам" төслөө боловсруулаад "Бүс ба зам" санаачлагад бүртгүүлсэн. Түүнээс хойш тасралтгүй судалгаа, шинжилгээ, тооцоололуудаа хийсээр Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ босгож чадсан нь манай группын төдийгүй Монгол Улсын хувьд том ололт , том амжилт юм.