ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нэнси Пелосигийн үг яриаг няцаав
2022-08-10 19:00:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньтай холбогдуулан ярьсан үг яриаг нь няцаав. Ван Вэньбинь хэлэхдээ: Америкийн гуравдагч номерын улс төрч Нэнси Пелоси Америкийн цэргийн нисэх онгоц хөлөглөн Тайваньд хүрсэн бөгөөд Тайваньд байх үедээ юм болгон дээр Америкийг төлөөлөн, энэ бол нэгэн удаагийн албан ёсны айлчлал хэмээн ярьж байжээ. Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид түүний Тайваньд очсон явдлыг бүр Тайвань, Америкийн харилцааны том чухал ахиц гэж сурталчилсан байна. Энэ бүхэн нь, Нэнси Пелосигийн Тайваньд хүрсэн явдал бол Америк, Тайваний харилцааг шат өгсүүлсэн улс төрийн том өдөөн хатгалга гэдгийг бүрэн гэрчиллээ гэв.

Эх сурвалжид мэдээлснээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси саяхан мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, хэдэн сарын өмнө Америкийн Конрессын гишүүн Тайваньд айлчлахад нөлөө тусгал гарсангүй байхад юуны учир миний бие энэ удаа Тайваньд очсоныг Хятадын тал дээд хэмжээнд анхааралдаа авсныг ойлгохгүй байна, Хятад улс Тайванийг ганцаардуулахыг Америк хүлцэн тэвчих ёсгүй гэжээ.

Сурвалжлагчийн асуусан холбогдох асуултад Ван Вэньбинь хариулахдаа: Америкийн Конгрессын гишүүн Тайваньд хүрэхийг Хятад тал эсэргүүцсээр ирсэн. Ийм үйлдэл нь АНУ “Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосны албан мэдэгдэл”-д хийсэн “Тайваньтай зөвхөн албаны бус харилцааг хадгалах болно” гэсэн амлалтаасаа зөрчиж, олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд НҮБ-ын 2758-р шийдвэрт нотолсон Нэг Хятадын зарчмаас няцаж, НҮБ-ын дүрэм дэх дотоод засаглалд гар дүрэхгүй байх олон улсын хуулийн тогтоолоос зөрчсөн явдал юм гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Дөрвөн сарын өмнө Хятадын тал олон зам суваг, олон шат давхаргаар дамжуулан Америкийн талд Нэнси Пелосигийн Тайваньд хүрэхийг эрс эсэргүүцсэн хатуу байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Гэтэл Америкийн тал Хятадын талын сануулга сэрэмжлүүлгийг үл тоомсорлон өөрийн зоргоор мужуудласан юм. Хийсэн амлалтаасаа АНУ зөрчиж байгаагаас биш харин Хятад улс амлалтаасаа зөрчсөн бус. АНУ Хятадын бүрэн эрхэнд халдаж буйгаас биш харин Хятад улс АНУ-ын бүрэн эрхэнд халдсан бус, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчнийг АНУ өөгшүүлэн дэмжиж буйгаас биш харин Хятад улс АНУ-ын хагалан буртаргах үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж байгаа бус юм. Америкийн тал урьдаар өдөөн хатгалга хийсэн тул Хятадын тал дараа нь зүй зохистой, хууль ёсны, шаардлага бүхий, хэмжээ зохистой, зүй ёсны хариу арга хэмжээг авсан. Америкийн тал Нэг Хятадын зарчмыг бүдгэрүүлэх, хөндийрүүлэх, мушгин гуйвуулахаар зэхэж буй атлаа одоогийн байдлыг өөрчилсөн хэмээн Хятадын талыг зэмлэж байна. Америкийн тал жил бүр Хятад улсын ойролцоох далайн бүсэд зуу гаруй удаагийн цэргийн сургуулилт хийдэг атлаа Хятадын талыг хэтэрсэн хариу тусгал гаргалаа хэмээж байна. Иймэрхүү дээрэмч логикийг Хятадын тал хүлээн авахгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч хүлээн зөвшөөрөхгүй” гэв.




\Уртнасан.\