Их Британийн Ерөнхий сайдаар Риши Сунакийг сонгов
2022-10-25 10:23:31
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Сангийн яамны сайд асан Риши Сунак энэ сарын 24-ний өдөр эрх баригч Консерватив намын шинэ удирдагч боллоо. Удахгүй Их Британийн хаан түүний тус улсын ерөнхий сайдын албан тушаалыг нь батлах юм.

Их Британийн парламентын доод танхим дахь Консерватив намын гишүүдийн бүлэг болох "1922 оны хороо" мөн өдөр мэдэгдэхдээ, "Нэр дэвшүүлэхэд заасан хугацаанд зөвхөн Риши Сунак л Консерватив намын харьяан дахь доод танхимын 100 гаруй гишүүний дэмжлэгийг авч, намын шинэ даргад нэр дэвших болзол хангасан. Дараа нь тус хороо Сунакийг Консерватив намын шинэ удирдагчаар сонголоо" гэсэн байна.

Журмын дагуу, Риши Сунак хаан Чарльз III-ын зөвшөөрлийг авсны дараа шинэ багаа бүрдүүлж, албан ёсоор Ерөнхий сайд болно. Эрх баригч намын шинэ дарга Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж, дараачийн парламентын сонгууль хүртэл ажиллах юм. Тус удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа 2024 оны арван хоёрдугаар сард дуусна.

42 настай Риши Сунак Оксфордын их сургуулийг төгссөн. Тэрээр 2015 онд парламентын доод танхимын гишүүнээр сонгогдож, 2020 онд Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ оны долдугаар сарын эхээр тэрээр энэ албан тушаалаасаа огцорч, дараа нь Консерватив намын удирдагчийн сонгуульд оролцсон ч Элизабет Трасст ялагдсан юм. Риши Сунак нь Их Британийн түүхэн дэх анхны ази гаралтай ерөнхий сайд бөгөөд сүүлийн 100 гаруй жилийн хугацаан дахь Их Британийн хамгийн залуу ерөнхий сайд боллоо гэж ВВС мэдээлжээ.