Катарын ДАШТ-ний бэлтгэл бүрэн хангагджээ
2022-11-01 16:30:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хөл бөмбөгний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11-р сарын 20-ноос 12-р сарын 18-ны хооронд Катар улсад болно. Нээлт болоход 10 гаруй хоног дутуу байгаа энэ үед ДАШТ-ний цэнгэлдэх хүрээлэн, заал талбай, метро, зочид буудал зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусч, тээвэр, аюулгүй байдал, хүлээн авалтын бэлтгэлээ бүрэн хангаж, тамирчдаа угтахад бэлэн боллоо. 

Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт найман цэнгэлдэх хүрээлэнд хуваагдан явагдах бөгөөд долоон цэнгэлдэхийг тусгайлан ДАШТ-д зориулан шинээр барьсан, хуучин нэгийгээ бүрэн шинэчлэн засварлажээ. Катарын ДАШТ-д зориулсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын нийт зардал 300 орчим тэрбум ам. долларт хүрсэн гэж хэвлэл мэдээллийнхэн тооцоолоод байна.

Катарын аялал жуулчлалын газрын Зохион байгуулалт хариуцсан захирал Бертольд Тренкел хэлэхдээ,“Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил 12 жилийн өмнө тэмцээний эрхийг авсаны дараа л шууд эхэлсэн. Харин одоо тэмцээний цэнгэлдэх хүрээлэнгууд нэгэнт ашиглалтад орж, тэмцээнүүд зохион байгуулагдаж байна. Олон нийтийн дэд бүтцийн хувьд метроны системийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус улс бас 180 орчим зочид буудал шинээр барьсан бол ахиад 50-60 зочид буудал ойрын хугацаанд ажлаа дуусаж ДАШТ-ий үеэр ашиглалтад орно. Ерөнхийдөө Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд бүтэц үндсэндээ бүрэн хангагдсан” гэв.

Катарын ДАШТ-ий найман цэнгэлдэх хүрээлэн хоорондын хамгийн ойр зай нь 5 км, хамгийн хол нь 75 км. Хамгийн хол орших хоёр цэнгэлдэх хүрээлэн хүрэхэд ч ердөө нэг цаг орчмын хугацаа зарцуулна. Тийм л учраас Катарын ДАШТ-г "хамгийн авсаархан" нэгэн удаагийн тэмцээн хэмээн нэрлэсэн биз ээ. Энэ нь хөгжөөн дэмжигчид нэг өдөрт хэд хэдэн тэмцээн үзэх боломжтой гэсэн үг юм. Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино хэлэхдээ:

"Энэ удаагийн тэмцээний хөгжөөн дэмжигчид болон сэтгүүлчид нэг өдөрт олон талбайд тэмцээн үзэх боломжтой бөгөөд хэвлэл мэдээллийнхэн зочид буудал энэ тэр солих шаардлагагүй шууд мэдээллээ дамжуулах боломжоор хангагдсан нь түүхэнд анх удаагаа тохиолдож байгаа зүйл юм. Мөн анх удаагаа хөгжөөн дэмжигчид 32 багтайгаа хамгийн ойр зайд байж, өөр өөр соёлыг мэдрэх боломжтой учраас ихээхэн сонирхолтой тэмцээн болно” гэжээ.

Катарын талын тооцооллоор, тэмцээний үеэр 1.3 сая хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа нь Катарын өнөөгийн нийт хүн амын бараг тал хувь юм. Тус улс хөл бөмбөгийн бүх хорхойтнуудаа янз бүрийн орон байрны сонголтоор хангахыг хичээсний зэрэгцээ уламжлалт зочид буудлын өрөөнүүд, майхан баазууд, том аяллын хөлөг онгоцнууд зэрэг онцлог үйлчилгээнээс гадна нийт 130 мянга гаруй өрөө тасалгааг ч бэлдээд байгаа юм. Катарын ДАШТ-ийг Зохион байгуулах хорооны Ерөнхий менежир Ясер Аль Жамал хэлэхдээ, "Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн хувьд хонох байрны эрэлт хэрэгцээ маш их болох нь дамжиггүй. Одоогоор зочид буудлын 2 сая гаруй өрөө зарагдсан. Албан ёсны орон сууцны захиалгын вэбсайт дээр хөгжөөн дэмжигчид тосгон, вилла, орон сууц, аяллын хөлөг онгоц, зочид буудлуудаас сонголт хийх боломжтой. Хамгийн хямд нь нэг шөнө 80 ам. долларын үнэ бүхий өрөөнүүдийг санал болгож байна" гэжээ.

Катарын ДАШТ нь Ойрхи Дорнод болон Арабын бүс нутагт зохиогдож буй анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Катар улс тэмцээнээр дамжуулан уламжлалт соёлоо харуулахын зэрэгцээ улс орны дэлхийд сурталчилж, өөрчлөлт, хөгжлийн шинэ дүр төрхийг бий болгохыг хичээж байна. Энэ удаагийн тэмцээнд Катар улс хүний нөөц, материаллаг болон санхүүгийн асар их хөрөнгө оруулалт хийж, төр засаг, ард иргэдийн аль аль нь ихээхэн хүчин чармайлт гаргасаар байна. FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Катар улс энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.