Хятадын “Бүс ба зам” санаачлага даян дэлхийн хөгжил цэцэглэлтэд идэвхтэй үр нөлөө үзүүлж байна
2023-02-06 15:04:07
Share
Share this with Close
youtube WeChat

Оршил 

Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд Казакстан, Индонези улсад айлчлах үедээ “Бүс ба зам” санаачлагыг дэвшүүлсэн юм. Анхлан хөрш зэргэлдээ зам дагуух 64 улс орныг хамарч байсан тус санаачлагын хүрээнд эдүгээ 150 улс орон, 30 гаруй олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөтөлбөрийг санаачлаад буй[1].

Эртний торгоны замын хамгийн алдартай бүтээгдэхүүн нь торго, цай, шаазан байсан бол өнөөдөр “бүс ба зам”-д хурдны галт тэрэг, цөмийн цахилгаан станц, сансрын шинжлэх ухаан технологи зэрэг шинэ дэвшилт технологи, инноваци шинжлэх ухаан технологийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд ар араасаа гарсаар байна.


Хятадын “торгоны замын эдийн засгийн бүс” болон “далайн торгоны замын зураг

Ши Жиньпин дарга “Бүс ба зам”–ыг тус улсын дэлхийн нээлттэй хамтын ажиллагаанд оролцох, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулах, даян дэлхийн хамтын хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох үйл хэргийг урагшлуулах Хятадын хувилбар [2] гэж онцолсон байдаг.

Тус нийтлэлээр “бүс ба зам” санаачлагын дэлхийн хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмрийн талаар цухас дурдахыг хичээлээ. 

· “Бүс нэг зам” санаачилгаас олон улсын хөгжил цэцэглэлтэд үзүүлж буй хувь нэмэр

ХКН-ын Төв Хорооны шийдвэрт: “бүс ба зам”-ын хүрээнд зам дагуух улс орнуудын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах хамтын ажиллагааны томоохон төслүүдийг энх тайванч, цэцэглэн хөгжсөн, нээлттэй, эко, инновацлаг, соёл иргэншил огтлолцсон байх зарчим дээр тулгуурлан хэрэгжүүлж, өнөөгийн дэлхий ертөнц өргөнөөр хүлээн авах нийтийн бүтээгдэхүүн (公共产品, public good), олон улсын хамтын ажиллагааны талбар болгоно [3]” хэмээн тусгасан байдаг. Ер нь “бүс ба зам” санаачлага нь Хятад улсын зүгээс хөрш зэрэглээ улс орон, бүс нутагтай харилцан ашигтай байх буюу “хоёр тал хоёулаа хожих” зарчмыг баримтлан, эв нэгдэлтэйгээр хамтдаа хөгжих шинэ замыг бий болгох эрэл хайгуул гэж тодорхойлж болно.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш улс орнуудын эдийн засаг доройтож, 2019 онд Ковид-19 цар тахал дэгдэн, 2022 оны 2 сараас Орос, Украйны мөргөлдөөн эхэлсэн нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдлыг улам дордуулав. Харин Хятад улс 2013 онд “бүс ба зам” санаачлагыг дэвшүүлж, зам дагуух улс орнуудад дэд бүтцийн томоохон мега төсөл, бүтээн байгуулалтуудыг эхлүүлснээр оролцогч талуудын зам харилцаа сайжирч, бүс нутгийн интеграци идэвхжин, тэдгээр улсуудын аж үйлдвэржих, орчин үежих явцыг ахиулан, эдийн засаг өсч, ядуурал тодорхой хэмжээнд буурсан зэрэг сайн үр дүнг авчирчээ. Энэ бол хоосон яриа биш, холбогдох судалгаанууд хэдийн нотлоод эхэлсэн зүйл. 

· “Бүс ба зам” санаачилгаас ядуурлыг бууруулахад үзүүлж буй хувь нэмэр 

Хятад улсын дарга Ши Жиньпин 2021 оны Бо-Ао-гийн Азийн чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ Хятад улс нээлттэй хүртээмжтэй үзэл ойлголтыг баримталж, оролцогч улс орнуудтай хамтдаа “бүс ба зам”-ыг “ядуурлыг бууруулах зам”, “өсөлтийн зам” болгохын төлөө ажиллан, хүн төрөлхтөн хамтдаа цэцэглэн хөгжих зам өөд урагшлахад идэвхтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй байна” [4] гэдгээ илэрхийлэв .

“НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр”-т 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд бүх хэлбэрийн ядуурлыг арилгах зорилтыг дэвшүүлсэн. Гэвч өнөөдөр буцаад ядууралд өртөх хүн амын тоо 100 саяыг давж, 2030 он гэхэд туйлын ядуу иргэн 1 тэрбум орчимд хүрэх төлөвтэй байна. Тэгвэл “бүс ба зам”-ын хүрээнд зам дагуух улс орнуудад дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон амьжиргаатай холбоотой төслийн бүтээн байгуулалтыг хийснээр дэлхийн ядуурлыг бууруулах зорилгыг биелүүлэхэд ихээхэн тус дэм үзүүлэх юм. Дэлхийн банкнаас гаргасан тайлан [5] -д “бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй зам харилцааны төслүүд нь худалдааны өртгийг бууруулж, 2030 он гэхэд 7,6 сая хүнийг туйлын ядуурлаас, 32 сая хүнийг дундаж ядуурлаас бүрэн салгана” гэжээ. Мөн Хятад улс сүүлийн 40-өөд жил 100 сая иргэнээ үнэмлэхүй ядуурлын балчгаас татаж гаргасан нь томоохон амжилт болсон.

Үүнээс гадна, НҮБ-ын таван салбар байгууллагын хамтран боловсруулсан 2022 оны “дэлхийн үр тарианы үйлдвэрлэлийн аюулгүй байдал ба шим тэжээлийн нөхцөл” тайлан[6] -д 2021 онд “бүс ба зам” дагуу орших ойролцоогоор 2,3 тэрбум хүн (дэлхийн нийт хүн амын 29.3% эзэлнэ) үр тарианы хомсдолд орсныг харуулав. Хөдөө аж ахуй бол “бүс ба зам” –ын хамтын ажиллагааны чухал салбаруудын нэг бөгөөд 2021 оны эцэс гэхэд Хятадын Засгийн газар дэлхийн 86 улстай хөдөө аж ахуй, загасчлал, агнуурын салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтран ажиллах ажлын хэсэг байгуулан, хөдөө аж ахуйн нийт 820 төсөлд 17 их наяд ам.долларын хөрөнгө оруулж, дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагт 1100 орчим холбогдох мэргэжилтнийг илгээжээ. Энэ нь Хятад улсын зүгээс шаардлагатай улс орнуудыг хүнсний аюулгүй байдлын баталгаагаар хангахад оруулж буй хувь нэмэр юм.


Нигер улсын Абужа хотод хятад мэргэжилтэн будааны болцыг шалгаж байгаа нь

· “Бүс ба зам” нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад тус нэмэр болж байна

Ши Жиньпин дарга 2017 онд зохион байгуулсан “бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар чуулга уулзалтын нээлт дээр: бүтээн байгуулалтад оролцогч орнуудтай харилцан ашигтай, хамтдаа хожих эдийн засаг, худалдааны түншлэлийн харилцаа хөгжүүлж, холбогдох улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах үйл хэрэгт тус дөхөм үзүүлж, “бүс ба зам”-ын чөлөөт худалдааны сүлжээг буй болгож, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд туслах болно” [7] хэмээсэн нь тус санаачилгын үр шимийг зам дагуух улс түмнүүд ижил тэнцүү хүртэж, хамтдаа хожих, win-win зарчмаар ажиллахаа давхар баталгаажуулсан явдал болов.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Дэд бүтцийн хэлхээ холбоо сайжирснаар улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносч, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэв. Холбогдох судалгаанд эдийн засгийн 6 коридорыг барьж дуусгасан үед зам дагуух улс орнуудын тээвэрлэлтийн хугацаа хамгийн ихдээ 12%-иар, харин дэлхийн бусад бүс нутагт дунджаар 3%-иар богиносох аж. Энэ нь “бүс ба зам” санаачлагад оролцогч бус орон ч тодорхой ашиг хүртэхийг харуулж байна. Мөн дэлхийн худалдааны өсөлт 1.7-6.2%-ийн хооронд өснө. Богино хугацаанд тээвэрлэх шаардлагатай (шинэ ногоо жимсний үйлдвэрлэл) бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орнууд эсвэл богино хугацааны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай (цахилгаан бараа бүтээгдэхүүн) улс орнууд хамгийн их хожно[8].

“Бүс ба зам”-ын эдийн засгийн 6 коридороос хамгийн амжилттай хэрэгжиж байгаа, оролцогч хоёр тал хоёулаа ашиг хүртэж буйн сайн жишээ бол Хятад-Пакистаны эдийн засгийн коридор, тэр дундаа Гвадар боомт, түүний чөлөөт худалдааны бүсийн төсөл юм. Гвадар боомт урьд нь 100 мянга хүрэхгүй хүнтэй, туйлын ядуу, загасчдын бяцхан боомт байсан бол эдүгээ бүс нутгийн шинжтэй шилжүүлэн тээвэрлэх гол төв, эдийн засгийн цөм болж, хоёр улсад стратегийн чухал ач холбогдолтой газар болон хөгжлөө. Тус коридор нь 2015-2030 он хүртэлх хугацаанд нийт 2,3 сая ажлын байрыг бий болгон, Пакистаны эдийн засгийг жил бүр 2-2,5%-ийн өсгөх ба тус улсын 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2014 оны 1300 ам.доллараас 2025 он гэхэд 4200 ам.долларт хүртэл нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн эхний 25 улсын жагсаалтад оруулах зорилготой[9]. Түүнчлэн Гвадар боомтын далайн тээвэрлэлтийн бүтээн байгуулалтын хөгжил нь Хятад болон Европын холбоо хоорондын тээвэрлэлтийн дундаж өртгийг 1545 ам.доллараар багасгаж, тээвэрлэлтийн мөчлөгийг 16.3 өдөр болгон буулгаж, тээвэрлэлтийн зайг 10084 км-ээр богиносгох аж. Үүгээр зогсохгүй, Хятад болон Ойрхи дорнод, хойд Африкийн бүс нутаг хоорондын дундаж тээвэрлэлтийн өртгийг 1695 ам.доллар-аар багасгаж, тээвэрлэлтийн мөчлөгийг 17.2 өдөр болгон буулгаж, зайг 10477 км-ээр богиносгоно[10]. Пакистан улс ашиг хүртэхээс гадна, Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, Малаккийн хоолойд хэт түшиглэх байдлыг багасгаж чадах аж.


Пакистан улсын хуучин загасчдын жижиг боомт—Гвадар


Гвадар боомт нь “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын сор болох нь

Дээр дурдсанчлан Хятад улс зам дагуух улс орнуудад эдийн засгийн боломжийг олгохын зэрэгцээ, агаарын бохирдлыг бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудалд анхаарахаа мэдэгдээд буй. Жишээ нь Канадын эрдэмтний судалгаанд “2013 оноос 2020 оны 6 сар хүртэл “бүс ба зам” санаачлага нь эрчим хүчний салбарт нийт 300 тэрбум ам.доллар зарцуулсан, үүнээс сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт хоёр дахин буюу 20%-иас 58% хүртэл өссөн[11] гэжээ. Мэдээж “бүс ба зам”-ын ногоон эко хөгжилтэй холбоотой төсөл хөтөлбөр нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх, дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад чухал алхам болно.

Дүгнэлт

“Бүс ба зам” бүтээн байгуулалт нь зам дагуух улс орнуудад харилцан ашигтай, хамтдаа хожих эдийн засаг, худалдааны түншлэлийн харилцаа хөгжүүлж, хөгжлийн үр шимийг оролцогч талуудад ижил тэнцүү хүртээн, хамтдаа хожих боломжоор хангана, үүний зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт улам амар хялбар болж, чөлөөт худалдааны сүлжээ бий болсноор дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулна гэж Хятадын Засгийн газар үздэг. Тэгвэл тус санаачлагын үр дүн эхнээсээ гарч, ялангуяа зам дагуух далайд гарцгүй улс орнуудын эдийн засаг тогтворжин, өсөхөд нөлөөлж, хөгжлийн тэнцвэрийг ханган, бүс нутгийн тогтвортой байдалд ашигтай, улс орон бүрд хамтдаа хөгжих боломж бүрдээд байна . 

Өнөөдөр хүн төрөлхтөн цар тахал, дайн дажин,уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэлтэй тогтворгүй нөхцөл байдалд тулгарч байна. Энэ ээдрээтэй цаг мөчид Хятад улс “бүс ба зам” санаачлагаас гадна “Дэлхийн хөгжлийн санаачлага”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачлага” зэрэг олон улс орнуудыг хамарсан, хамтдаа хэлэлцэж, хамтдаа шийдэж, даян дэлхийн аюулгүй байдлын хангах, харилцан уялдаатай хөгжих уриалгыг дэвшүүлээд байгаа нь тун сайшаалтай үйл хэрэг юм.

Ашигласан эх сурвалж

[1] 共建“一带一路”成为深受欢迎的国际公共产品和国际合作平台, 光明日报,2022年11月08日 06版

[2] 习近平治国理政第三卷,外文出版社,2020年。

[3] 中共中央关于党的百年奋斗重大成就和历史经验的决议(全文)

[4] 习近平在博鳌亚洲论坛2021年年会开幕式上的视频主旨演讲(全文) 新华社北京4月20日电

[5] Belt and Road Economics: Opportunities and Risks of Transport Corridors, world bank group, 2019, worldbank.org/en/home

[6] 翟东升,将“一带一路”建设成为“减贫之路, 红旗文稿, 2022/17.

[7] 习近平治国理政第二卷,外文出版社,2016年。

[8] 一带一路经济学—交通走廊的机遇与风险,国际复兴开发银行 / 世界银行,2019

[9] 一帶一路」|開路搭橋搞基建 貿易暢通富起來https://www.dotdotnews.com/a/202209/07/AP6317fd60e4b0adad9d587638.html

[10] The effectiveness of freight costs on trade potentials between China and European Union, Middle East, North African countries under China-Pakistan Corridor, International Journal of Shipping and Transport Logistics 13(3/4):327

[11] COENEN J, BAGER S, MEYFROIDT P, et al., Environmental Governance of China's Belt and Road Initiative, Environmental Policy and Governance, 2021, 31(1):3-17.


Нийтлэгч: МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ