Чинь Ган Сергей Лавровтай уулзжээ
2023-03-03 11:06:13
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ Дели хотноо  болсон "Их 20" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр, Хятадын ГХЯ-ын сайд Чинь Ган Оросын ГХ-ийн сайд  Сергей Лавровтай уулзжээ. 

Чинь Ган хэлэхдээ, "Ши Жиньпин, Владимир Путин нарын удирдлага дор Хятад Оросын харилцаа  тогтвортой хөгжиж, шинэ хэлбэрийн том гүрний харилцааны үлгэр жишээ болсон төдийгүй хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Хоёр тал бүх түвшинд солилцоогоо үргэлжлүүлж, хоёр орны гадаад харилцааны яам хоорондын харилцаа, зохицуулалтаа  эрчимжүүлэх ёстой. Олон улсын байдал ээдрээ будлиантай энэ цаг үед Оросын талыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт энх тайван хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хүн төрөлхтний нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна" гэжээ.  

Сергей Лавров "Хятадын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, өндөр түвшний солилцоогоо эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг төлөвлөн зураглахад Орос улс бэлэн байна. Орос, Хятад хоёр  нь "НҮБ-ын дүрэм"-ийг сахин хамгаалдаг орнууд. Манай хоёр улс стратегийн харилцаагаа бэхжүүлж, олон улсын тогтолцоонд илүү тогтвортой хүч бий болгоход бэлэн байна. Хятад улсын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон“Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг бид  дэмжиж, идэвхтэй оролцсоор ирсэн. ОХУ цаашид ШХАБ болон  БРИКС  зэрэг олон талт хүрээнд хоёр талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна" гэж хэлжээ. 

Хоёр тал мөн Украины асуудлаар санал солилцлоо. Чин Гань Хятадын талын байр суурийг илэрхийлж, "НҮБ-ын дүрэм"-ийн зорилт, зарчмыг сахин хамгаалахыг талуудад  уриалжээ. Украины асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг  дэмжиж, харин гал дээр тос нэмэх, энхийн хэлэлцээнд саад учруулах, давхар стандарт тогтоох, хориг арга хэмжээ авах зэрэг үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр "Энхийн хэлэлцээний бүх хүчин чармайлтыг Хятад улс дэмжих бөгөөд цаашид ч  бүтээлч санал санаачилга дэвшүүлэх болно" гэлээ. Чинь Ган сайдын үгний хариуд Сергей Лавров "Хятад улсын бодитой, шударга байр суурь, бүтээлч үүргийг өндрөөр үнэлж,  яриа хэлэлцээ хийхэд  Орос улс үргэлжлэн  нээлттэй хандах болно" гэжээ. 

Хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын 2023 оны зөвлөлдөх төлөвлөгөөнд хоёр тал  гарын үсэг зурлаа.