Элчин сайд нар итгэмжлэх зуух бичгээ өргөн барьжээ
2024-01-30 19:23:07
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 30-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Сингапур, Итали, АНЭУ зэрэг 42 орноос БНХАУ-д суух шинэ элчин сайд нарын өргөн барьсан итгэмжлэх зуух бичгийг хүлээн авчээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаагаа Хятад улс ихэд эрхэмлэн нандигнадаг бөгөөд эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын дагуу дэлхийн улс түмэнтэй найрамдлаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тэлж, хоёр талт харилцаагаа тасралтгүй урагшлуулахад Хятад улс бэлэн. Эрхэм элчин сайд та бүхэн Хятад улсыг бүх талаар гүнзгий таньж, хоёр талт харилцааны гүүр болохыг хүсэж байна. Хятад улсын төр засаг элчин төлөөлөгчид үүрэг хариуцлагаа биелүүлж ажиллахад тус дөхөм нөхцөл боломж хангаж ажиллах болно. 

Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа бол өнөөдрийн Хятад улс өөрийн гэсэн онцлогтой социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, үндэстнийхээ сэргэн мандлын агуу үйлсийг шамтан хийж байна. Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын ул суурь болон зорилт бол даруй 1.4 тэрбум хүн ардаа улам сайн сайхан амьдруулах явдал юм. Энэ нь даян дэлхийн хувьд улам өргөн хөгжлийн боломж байж, дэлхийн улс орнуудын орчин цагийн шинэчлэлд эрчтэй хөдөлгөх хүч болох юм. 

Өнөөдрийн дэлхий ертөнц маш тогтворгүй байгаа тул Хятад улс нийт хүн төрөлхтний төлөө, улс орнуудын нийтлэг эрх ашгийн төлөө ажилласаар байх бөгөөд хүн төрөлхтний энхийн үйлсийг Хятадын оюун ухаан, төсөл төлөвлөгөөгөөр хангаж ажиллах болно. Үүний улмаар дэлхийн олон туйлт хөгжил, багтаамжтай, хүртээмжтэй эдийн засгийн интегралчлалыг ахиулж, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлохын төлөө хичээн ажиллах болно гэжээ.