Гаднын гар хөл болж галаар наадсан орон
2024-02-02 19:23:42
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуалдес Маркос саяхан Вьетнамд айлчлахдаа "Хятад улстай нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн маргаантай байгаадаа санаа зовж байна" гэсэн бол өрнөдийн хэвлэлүүд үүнийг нь ашиглан өмнөд тэнгисийг асуудлаар "Хятадын заналхийлэл" гэгчийг ёстой л нэг санаа зоригоороо хөөрөгдөв.  Нээлттэй мэдээллийн дагуу, Филиппин, Вьетнамын засгийн газар хооронд хоёр санамж бичигт гарын үсэг зурж, холбоо харилцаа, зөвшилцлийн тусгай утас ажиллуулж, эргийн хамгаалалтын хамтарсан комисс байгуулахаар тохиролцжээ. Өмнөд Тэнгисийн маргаанд Вьетнам улс "АСЕАН-ы жижиг олон талт" хамтын ажиллагааны гол чухал бүрэлдэхүүн болж болно хэмээн Филиппиний хэвлэлүүд мэдээлсэн бол Филиппин аюулгүйн асуудлаар халхавч хийж, өмнөд тэнгист Хятадын эсрэг "жижиг тойрог" байгуулж, хамтдаа Хятад улсад дарамт шахалт үзүүлэхийг зэхэж байна. Энэ нь өмнөд тэнгисийн асуудлаарх тус орны шинэ үйлдэл болохыг шинжээчид хэлж байна. 

Өнгөрсөн жилээс Филиппин Өмнөд тэнгисийн асуудлаар байнга "хэрэг сэдэж" ирсэн юм. Филиппин Хятадын Хуан Янь Дао арал болон Рэнь-ай олтиргийн ойролцоох усан хилд удаа дараа нэвтэрч, мөн Рэнь-ай олтирогт хууль бусаар хайрагдсан байлдааны хөлөг онгоцондоо барилгын материал хүргэж, байнгын эзлэн түрэмгийлэх оролдлого хийсэн юм. Өнгөрсөн оны сүүлчээр Филиппиний Гадаад хэргийн сайд Хятадын талтай утсаар ярихдаа Хятад улстай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хурцадмал байдлыг намжаахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Гэвч үнэн хэрэгтээ Филиппин хоёр царай гаргасан байна. Хэдхэн хоногийн өмнө Филиппин хууль бусаар хайрагдсан байлдааны хөлөг онгоцондоо эд материал хангаж, зориуд Хуан Янь Дао арлын усан хилд хууль бусаар нэвтэрсэн юм. Одоо Филиппин АСЕАН-ы бусад орнуудад очиж "жижиг тойрог" байгуулахыг оролдож байна. Үүний зорилго нь юу вэ?

Филиппиний экс ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ригоберто Тиглао саяхан мэдэгдэл хийж, "АНУ бидний тархийг угаах нь дэндүү амархан" гэжээ. Энэ нь Филиппиний одоогийн эрсдэлтэй алхмын шалтгааныг нэг хэмжээндээ харуулж байна. Өнгөрсөн жилээс АНУ "Энэтхэг-Номхон далайн стратеги" гэгчийг эрчимтэй сурталчилж, Филиппинийг Хятадын эсрэг "авангард" болгохын тулд одоогийн Филиппиний засгийн газарт үзүүлэх шахалт, турхиралтаа нэмэгдүүлсэн юм. Үүний зэрэгцээ Фердинанд Ромуалдес Маркосын хувьд одоо дотооддоо засаглалын сорилттой тулгарсан. Филиппиний "Asia Pulse" санал асуулгын агентлагийн мэдээлснээр иргэдийн 73% нь Филиппиний засгийн газрын инфляцыг хянах үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа юм байна. Дарамт шахалтын өмнө Фердинанд Ромуалдес Маркос гаднын аюул заналхийлэл гэгчийг хөөрөгдөж, ард түмнийхээ анхаарал, дотоод зөрчилдөөнийг өөр тийш нь чиглүүлж, эрх баригч байр сууриа бэхжүүлэх оролдож байна. 


Филиппиний талын зорилго нь тодорхой, харин арга барил нь аюултай, мөн чанар нь хоёр талын асуудлыг олон талт болгох явдал юм. Хятад, АСЕАН-ы орнууд удаан хугацааны турш яриа хэлцэл, зөвшилцөл, хамтын хөгжлийн замаар маргааныг зөв зохицуулах арга замыг эрэлхийлж, холбогдох маргааныг шууд холбогдох улс орнууд найрсаг зөвшилцлөөр, энх тайвнаар зохицуулахыг шаарддаг. Филиппин улс өөрийн болон бүс нутгийн гаднах улс орны ашиг тусын тулд Хятадын эсрэг "жижиг тойрог" бий болгохыг оролдож байгаа нь маргааныг улам хүндрүүлж өргөжүүлэхээс гадна Өмнөд тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тухай тунхаглалын үзэл санааг зөрчиж байна.

Мэдээж Филиппиний эл үйлдэл нь АСЕАН-ы олонхын дэмжлэг авахгүй. Өнгөрсөн жилээс хойш Филиппиний Өмнөд тэнгис дэх увайгүй, өдөөн хатгасан үйлдлүүдийн өмнө АСЕАН-ы нэг ч орон дуугараагүй нь Өмнөд тэнгисийг энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагааны усан хил болгох ёстой гэдэг нь нэгэнт АСЕАН-ы орнуудын нийтлэг ойлголт болсныг харуулж байна. Үүнээс гадна АСЕАН нь Хятадтай эдийн засаг, худалдааны гүнзгий харилцаанаас ихээхэн ашиг хүртэж байна. 2023 онд АСЕАН дөрвөн жил дараалан Хятадын хамгийн том худалдааны түншийн статусаа хадгаллаа. Тиймд АСЕАН-ы орнуудыг мөргөлдөөн, сөргөлдөөний төлөөлөгч болгохыг оролдох нь тэдний язгуур ашиг сонирхолтой зөрчилдөх тул зөвхөн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлэх болно.

Хуан Янь Дао арал, Рэнь-ай олтирог бол Хятад улсын дархан нутаг дэвсгэр юм. Олон жилийн турш Хятад улс Филиппиний удаа дараагийн өдөөн хатгалгад маш их хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирсэн. Одоо Филиппин бүр улайрч, хоёр талын асуудлыг өргөжүүлэхийг оролдож байгаа нь зөвхөн тус орны урт хугацааны ашиг сонирхолд нь хохирол учруулна. Филиппин мөрийтэй тоглоомчийн сэтгэлгээтэй, найдваргүй гаднын ноёрхогчдод ирээдүйгээ базуулахын оронд гадаад бодлогоо тунгаан бодох цаг болжээ.