Фукушимагийн станцад ахин хэрэг мандав
2024-02-09 11:04:11
Share
Share this with Close
youtube WeChat

Японы цөмийн эрчим хүчний Фукушима цахилгаан станцын цөмийн бохирдолтой ус алдагдсан байж магадгүй гэж мэдээлэв. Ажилтан төхөөрөмжийг цэвэрлэж байхдаа агааржуулах хоолойгоос ус алдагдсаныг харжээ. Цэвэрлэх үед 16 хавхлагыг гараар хаах ёстой боловч 10 хавхлага нээлттэй байсан бөгөөд цацраг идэвхтэй ус агааржуулах хоолойд орж устай холилджээ.

Энэ ослоос болж 5.5 тонн бохирдолтой ус алдагдсан гэж тухайн нутгийн мэдээллийн хэрэгсэл онцолсон байна. Алдагдсан усны цацраг идэвхийн хэмжээ 22 тэрбум беккерель хүрсэн байж болзошгүй гэж тухайн нутгийн хэвлэл мэдээлэв. Хэрэв тийм бол засгийн газрын тогтоосон стандартаас хол давсан үзүүлэлт болно. Энэ талаар мэргэжилтэн хэлэхдээ, ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь байгаль орчин, хүний биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж эрдэмтэд хэлж байв. Ослын газрын цацраг идэвхийн хэмжээ ойр орчмын бүсээс 240 дахин өндөр байна гэж нутгийн хэвлэл мэдээлсэн байна.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компанид ахин осол гарсныг гаднынхан санамсаргүй, гэнэтийн тохиодол гэж үзэхгүй байна. 2011 онд Фукушимагийн цөмийн цахилгаан станцын осол гарснаас хойш тус компанид төрөл бүрийн осол, саатал гарч байсан. Чухам хичнээн осол гарч байсныг тэд өөрөө ч хэлж мэдэхгүй. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хэд хэдэн осол гарсныг хүмүүс баттай санаж байна.

Ноднингийн гуравдугаар сард Фукушимагийн цахилгаан станцаас цөмийн бохирдолтой 8 тонн усыг андуурч өөр саванд юүлсэн. Мөн оны зургадугаар сард бохирдолтой ус хадгалах савны гадна даланд тогтсон уснаас хэвийн үзүүлэлтээс давсан цацраг идэвхэт бодис илэрсэн. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани энэ хэргийг нуун дарж байснаа, бохир ус дамжуулах зөөлөн хоолойд гэмтэл гарснаар ус алдагдсан гэж мэдэгдсэн.

2023 оны аравдугаар сард тус компанийн олон ажилтан ALPS системийн хоолой цэвэрлэхэд бохирдолтой шингэн тэдний биед хүрч, улмаар хоёр хүнийг эмнэлэгт яаралтай хүргэж байсан. Тухайн үед алдагдсан бохирдолтой шингэний хэмжээний талаар Токиогийн эрчим хүчний компанийн мэдүүлэг өмнө хойноо зөрчилдсөн, хоорондоо хэдэн арван дахин зөрсөн.

Мөн ноднингийн арванхоёрдугаар сард нэгэн ажилтны царайд цацраг идэвх бодис хүрсэн. Энэ мэтээр олон осол, алдааны тухай дурдаж болно.

Осол тасрахгүй гарсаар байхад тэд цөмийн бохирдолтой ус далайд цутгах “аюулгүй”, “найдвартай” гэцгээж байна. Цөмийн бохирдолтой усыг далайд цутгах нь аюулгүй биш гэж сэжиглэх үндэслэл хүмүүст байна. Эдгээр нь гурван гол асуудалд дүн шинжилгээ хийж буй гадныхны таамаглалыг баттай болгож байгаа юм.

Нэгд, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн бохирдолтой ус далайд цутгахдаа аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй байна. Ахин дахин осол гарч, хүмүүс тэдний аюулгүйн менежментийн чадвар, шийдвэр гаргах явцад доголдол гарсаар байгааг, нийгмийн хариуцлага дутуу байгааг харж байна.

Хоёрт, Засгийн газрын хараа хяналт сул байна. Цөмийн эрчим хүч Японы эдийн засагт чухал. Тус компанид осол саатал, хариуцлагүй үйлдэл удаа дараа гарсаар байхад Японы хяналтын байгууллага олж хараагүй дүр эсгэнэ. Японы засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ашиг сонирхлын харилцаатай тул хяналт тавихад хэцүү гэж Японы цөөнгүй судлаач үзэж байна.

Гуравт, Японы цөмийн бохирдолтой ус шийдвэрлэхэд тавих хяналтад олон улсын хамтын нийгэмлэг оролцох шаардлагатай. Далайд их хэмжээний цөмийн бохирдолтой ус нийлүүлж буй нь урьд өмнө байгаагүй тохиолдол бөгөөд энэ нь ганц Японы хэрэг биш, хүн төрөлхтөний хамтын ашиг тусад холбогдоно.

Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш Япон гурван удаа, нийтдээ 23 мянган тонн цөмийн бохирдолтой ус далайд цутгажээ. Ус цутгах дөрөв дэх ээлжийн ажлыг ирэх сард эхлүүлэх гэж байна. Тус компанид ахин осол гарсан нь Японд сэрэмжлүүлэг болж байна. Японы засгийн газар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн аюулгүй байдлын эрсдэлийг хянуур шийдвэрлэж, далайд цутгахаа зогсоож, олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөж сайн арга зам олох ёстой.

Уртнасан