Израилын төлөвлөгөөнд олон орон санаа зовж байна
2024-02-13 16:14:21
Share
Share this with Close
youtube WeChat

Рафахад хуурай замын цэргийн ажиллагаа явуулах Израилын төлөвлөгөөнд олон орон санаа зовж, зэмлэн буруушааж буйгаа орон нутгийн цагаар 12-ны өдөр илэрхийлж, нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав. 

Пакистаны ГХЯ 12-ны өдөр мэдэгдэхдээ, Рафахад явуулж буй Израилын цэргийн ажиллагааг Пакистан хатуу зэмлэн буруушааж, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна гэжээ. 

Орон нутгийн цагаар 12-ны өдөр Туркийн ГХЯ мэдэгдэл нийтэлж, Рафах руу Израил дайралт явуулж буйд Турк маш их санаа зовж байна гэжээ. Мэдэгдэлд: Израил Газын зурвасын иргэдийг гэр орноос нь хөөхөөр төлөвлөж байна. Тасралтгүй иймэрхүү халдлага үйлдэх нь Газын зурвас дахь хүмүүнлэгийн эмгэнэлт явдлыг улам хүндрүүлж, гал зогсоох хүчин чармайлтыг бүтэлгүйтүүлнэ. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израилыг хориглох арга хэмжээ авахыг Турк уриалж байна гэжээ. 

Их Британийн "Гурдиан" сонины 12-ны өдөр мэдээлснээр, Их Британийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэлэхдээ, Рафахад хуурай замын цэргийн ажиллагаа явуулах Израилын төлөвлөгөөнд Их Британи гүнээ санаа зовж байна, Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд Рафах "маш чухал" юм гэжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон мөн өдөр хэлэхдээ, Израил "ямар нэгэн арга хэмжээ авахаасаа өмнө сайтар тунгаан бодох" -ыг Их Британи хүсэн найдаж байна гэсэн бөгөөд хоёр тал нэн даруй гал зогсоохыг уриалав. 

12-нд Израилд айлчилсан Нидерландын ерөнхий сайд Марк Рютте олон нийтийн сүлжээгээр нийтлэл бичиж, Газын зурвас дахь цэргийн ажиллагааны эрчээ эрс багасгахыг Израилд уриалж, Израилын арми Рафахад хуурай замын цэргийн ажиллагаа явуулах нь "хүмүүнлэгийн сүйрлийн үр дагавар" авчрах болно хэмээн анхааруулав. Түүнчлэн талууд нэн даруй гал зогсоож, мөргөлдөөнийг шийдвэрлэх урт хугацааны төсөл боловсруулах ёстойг тэрээр тэмдэглэжээ.