Мюнхений бага хуралд Ван И оролцоно
2024-02-15 16:20:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 15-нд хэлэхдээ, Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дарга Кристоф Хойсген, Испанийн Гадаад харилцааны сайд Жулиан Альварес, Францын ерөнхийлөгчийн Гадаад харилцааны зөвлөх Бона нарын урилгаар ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХ-ны сайд Ван И хоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Мюнхений аюулгүй байдлын 60-р бага хуралд оролцон илтгэл тавьж, олон улсын томоохон асуудлаарх Хятадын байр суурийг танилцуулна. Мөн Испани, Францад айлчилж, Францад зохиогдох Хятад-Францын стратегийн яриа хэлэлцээнд оролцоно гэв.

Мао Нин хэлэхдээ, Мюнхений аюулгүй байдлын бага хурал бол жил бүр тогтмол зохион байгуулагддаг олон улсын стратеги, аюулгүй байдлын бодлогыг авч хэлэлцдэг чухал форум бөгөөд Хятад улс олон удаа оролцож, өндөр түвшний төлөөлөгчид илгээдэг юм. Дэлхий дахинд том өөрчлөлтүүд хурдацтай үргэлжилж, үймээн самуун, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, шинэ цаг тулгарч байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хуралд оролцож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах, голч шударга, эмх цэгцтэй олон туйлт хөгжлийг дэмжих тухай Хятад улсын санал санаачилгыг тодорхойлох болно.

Европын холбооны гишүүн Испани, Хятад улстай стратегийн  иж бүрэн түншийн харилцаатай. Энэ айлчлал нь луу жилийн эхэн, Хятад-Испанийн харилцаа шинэ тавин жилийн гараанаас эхэлж буй үе, мөн Хятад улсын гадаад харилцааны сайд 6 жилийн дараа Испанид айлчилж буй зэргээрээ онцлог байх юм. Айлчлалаар хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтуудыг сайтар хэрэгжүүлж, 50 жилийн найрсаг харилцааны уур амьсгалыг хадгалж, харилцан итгэлцлээ бэхжүүлж, найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, улмаар хоёр орны стратегийн түншийн харилцааны агуулгыг улам баяжуулахыг хүсэж байна.

Хятад, Франц хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн том улсууд. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Саяхан Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Эммануэль Макрон нар харилцан мэндчилгээ дэвшүүлэхдээ ирэх 60 жилийн Хятад, Францын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжилд улам бат бөх үндэс суурь тавихыг онцолсон. Ван И сайдын айлчлал бол 2024 оны Хятад, Францын дипломат харилцаанд чухал алхам болж, зөвшилцлөө ойртуулж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, найрамдлаа зузаатгаж, илүү нягт хамтран ажиллаж, улмаар Хятад-Европын харилцаа, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд нааштай үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.