C919, ARJ21 онгоцнууд Сингапурын агаарын шоу үзэсгэлэнд тавигдлаа
2024-02-20 10:00:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 20-нд Сингапурын агаарын шоу үзэсгэлэн Чанги үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийв. Хятадын зорчигч тээврийн хоёр C919 онгоц, гурван ARJ21 онгоц үзэсгэлэнгийн нээлтэд анх удаа тавигдав. Онгоцнуудыг танхимд бодитоор үзэх, дэлгэцээр харуулах, нислэгийн үзүүлбэр зэрэг олон хэлбэрээр үзэгчдэд танилцуулжээ.  

С919 онгоц 158-192 зорчигчийн суудалтай, 4075-5555 км буулгүй нисэх чадвартай. Аэродинамикийн дэвшилтэт загвар, хөдөлгүүрийн систем, материал ашигласан, нүүрстөрөгч бага ялгаруулж, түлшний хэмнэлттэй онгоц юм. 2023 оны тавдугаар сарын 28-нд туршилтын анхны нислэгээ амжилттай хийсэн. Одоогоор нислэг үйлдэж буй дөрвөн С919 онгоцоор 110 мянган хүн зорчоод байна. Онгоцыг олон тоогоор үйлдвэрлэх бүтээн байгуулалтын ажил урагшилсаар байна.

Дунд оврын ARJ21 зорчигч тээврийн онгоц 78-97 зорчигчтойгоор 2225-3700 км зайд буулгүйгээр нисэх чадалтай. Эрс хүйтэн цаг агаарын нөхцөлд өндөрлөг газрын буудалд буух, хөөрөхдөө давуу талтай, мөн салхины эрсдэлтэй цаг агаарт нислэг үйлдэх чадвартай онгоц юм. 2016 оны зургадугаар сард ашиглалтад орсноос хойш энэ загварын 127 онгоцоор давхацсан тоогоор 11 сая хүн зорчжээ.

2024 оны Сингапурын агаарын шоу үзэсгэлэн хоёрдугаар сарын 20-25-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд дэлхийн 50 гаруй улсын 1000 гаруй компани оролцож байна.