Мюнхений бага хуралд Ван И оролцов
2024-02-22 14:56:13
Share
Share this with Close
youtube WeChat

ХБНГУ-ын Мюнхен хотод аюулгүй байдлын бага хурал болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И оролцов. Энэ жил Мюнхений аюулгүй байдлын зөвлөлийн 60 жил тохиож байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байна. 

Хурлын уур амьсгал, хэлэлцэж буй асуудлын тухайд  Ван И сайд, "Мюнхений аюулгүй байдлын бага хурлын илтгэл гутранга сонсогдсон. Энэ нь олон хүний анхаарлыг татсан байх. Мэдээж, нэг талаар Европын орнууд олон улсын нөхцөл байдал, дэлхийд нүүрлэсэн хямралд цөхөрч буйг харуулж байна. Дэлхий дахинаа засаглалын хямрал нүүрлэж, геополитикийн нөхцөл хүндэрч, аз туршсан дүрэмгүй тоглолт ихсэж буй нь ийм эмгэнэлт байдалд хүргэж байгаа нь гарцаагүй. Ийм нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг Хятадын байр суурийг сонсохыг эрмэлзэж байна. Ийм учир Мюнхений бага хурал тусгайлан Хятадын салбар хурал зохион байгууллаа. Бидний байр суурь бол тодорхой. Тодорхойгүй, савлагаа ихтэй дэлхий дахинд Хятад улс тогтвортой хүчин зүйл болохыг хүсэж байна. Хятад улс харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн байдалд олон улсын хамтын ажиллагаа явуулж, дэлхийн халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээ зөвшилцлөөр шийдэх байр суурьтай.  Би сая хурдын үеэр Америк, Англи, Франц, Герман, Европын холбоо, Канад, Аргентин, Украйны талтай ярилцаж, уужуу багтаамжтай, нээлттэй, олон талт бодлого хэрэгжүүлж, дарангуйллаас татгалзах хэрэгтэй тухай санал солилцсон" гэжээ. 

Хурлын үеэр Хятад Америкийн ГХ-ны сайд нар илэн далангүй, ажил хэрэгч, бүтээлч уулзалт хийсэн. Хятадын хөгжлийг  Америк ухаалгаар, ул суурьтай дүгнэж, Хятадад чиглэсэн идэвхтэй ажил хэрэгч бодлого явуулж, хоёр орны төрийн тэргүүний Сан Францискогийн нийтлэг ойлголтыг ажил хэрэг болгох ёстой гэж Хятадын тал цохон тэмдэглэв. 

Талуудтай уулзахдаа Хятад улс өөрийн байр суурийг тодорхой илэрхийлжээ. Хятадын хөгжил бол энх тайван, тогтвортой байдлын шинж тэмдэг. Хамтын ажиллагаа өргөжиж буйн илэрхийлэл. Орчин үеийн нийгэмд Хятадын 1.4 тэрбум хүн алхан орж буй нь хүн төрөлхтний соёл иргэншлийн асар их дэвшил бөгөөд дэлхий дахинд ч хөгжлийн асар их боломж олгож байгаа юм. Хятад улс шударга ёсыг баримталж, дэлхийн хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг санаачилж байгаа болно гэж Ван И сайд байр сууриа илэрхийлсэн байна. 

Украин болон Израил Палестины асуудлаар Ван И хэлэхдээ, эдгээр асуудал бол дэлхийн хоёр том халуун цэг болоод байна. Энэ талаар талуудтай санал солилцлоо. Эдгээр халуун цэгт зэвсэгт мөргөлдөөн намжих төлөв ажиглагдахгүй байгаа ч талуудын нийтлэг ойлголт ойртож, хамтран ажиллах хүсэл нэмэгдэж байна. Би тэдэнд Хятадын байр суурийг танилцуулсан. Бид  улс төрийн аргаар зохицуулах зарчим барьж, хэлэлцээний ширээнд суулгахаар хичээж байна. Бид шударга зүй зохистой төсөл хайж олох ёстой. тэгэхгүй бол байдал улам ноцтой үр дүнд хүрч мэднэ. Украины хямрал удаан үргэлжлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэхгүй. Ямар ч мөргөлдөөнийг ширээний ард сууж хэлэлцээрээр шийддэг. Украины хямралд түүх зөв дүгнэлт хийх болно. Палестин Израилийн мөргөлдөөн 100 гаруй хоног үргэлжилж, 30 мянган хүн амиа алдаж, 1.9 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна.  Газын зурвасын нөхцөл цаашид хүндэрвэл хүмүүнлэгийн улам ноцтой хямрал бий болно. XXI  зуунд олон улсын хамтын нийгэмлэг хүний ертөнцийн ийм их гаслан зовлонг ойшоохгүй байж яаж болох билээ гэж Ван И сайд хэлэв.