“Андын номын сан” цуврал- Мао Дүний шагналт роман “Чиньчян дуурь”
2024-02-27 09:25:49
Share
Share this with Close
youtube WeChat

Андын номын сан энэ удаа Хятадын Баруун хойд нутгийн Шаанши мужаар нутагтай зохиолч Жя Пинвагийн “Чиньчян дуурь” романыг толилуулж байна.

Чинь гүрний үед одоогийн Шаанши Ганьсүгийн нутгаар дэлгэрч байсан аялгуут дуурь буюу Чиньчян дуурь олон нутагт тархаж, төгөлдөржсөөр бүтэн системтэй, иж бүрэн дуурь болж хөгжсөн юм. Уг романд энэ дууриар сэдэвлэн, Инь Шэн хэмээх солиотой хүний нүдээр тариачдын амьдралын дарамт, соёл, зан заншил зэргийг дэлгэж, Хятадын хөдөө тосгоны 20 жилийн амьдралын үнэн төрхийг үзүүлж, үнэт зүйлс, үзэл санаа, уламжлалт байдлын гүн гүнзгий өөрчлөлт шинэчлэлтийг харуулна.

 “Чиньчян дуурь” романы үйл явдал, зохиолчийн төрсөн нутаг Дихуажэнь сууринд өрнөнө. Тус суурингийн Чинфэн гудамжнд амьдардаг Бай овогт, Шя овогт хоёр айлын амьдрал, тэдний өөдлөн дэвжих, уруудан доройтох, сөргөлдөөн тэмцэл, атаа жөтөө, хайр дурлал, нэр алдар, эд хөрөнгө зэрэг олон сэдэв сөхөгдөж, тухайн үеийн хөдөө нутгийн нийгмийн ээдрээтэй байдал, хүмүүсийн бодит амьдралыг дүрсэлсэн байна.

Бай овогт нэгэн цагт баян эрхэм байв. Цаг өөрчлөгдөж, түүний чинээлэг баян амьдрал урван хөрвөжээ. Харин тэдний угсаанд мөнгө эд баялагтай жишишгүй эрдэнэ болсон Чиньчян дуурийн дуучин Бай Шюе бүсгүй төрж гарав. Бай Шюе хожим нь аймгийн төвд ажиллах Шя овогтны хүү Шя Фэнтэй гэрлэж, Шя овогтыг Чинфэн гудамжны хамгийн нэр хүндтэй айл болгов. Чинфэн гудамжинд амьдардаг хоёр айлын амьдрал, тэдний нэр нөлөө, байр суурь, сөргөлдөөн тэмцлийг өгүүлсэн юм.

Зохиолч романаа хоёр жил гаруй бичиж 2005 онд “Шөүхүө” сэтгүүлд  цувралаар нийтлүүлээд, дараа нь ном болгож хэвлэжээ. Энэхүү алдартай роман 2008 онд Мао Дүний шагнал хүртжээ.