“Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин”-ийг онцлохын учир
2024-03-14 09:07:03
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих шинэ хөшүүргүүдийг бий болгож, өндөр чанартай хөгжлийг ахиулах хүчин чармайлтаа эрчимжүүлж буй энэ үед тус улсын дарга Ши Жиньпин “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин”-ийг хөгжүүлэх нь чухал болохыг онцолж байна.

Тэгвэл “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин” гэж чухам юу болох, үүнийг онцлохын утга учрыг та бүхэнд толилуулъя.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны есдүгээр сард тус улсын зүүн хойд нутгийн Хармөрөн мужид ажлын айлчлал хийх үеэрээ уг нэр томьёог анх дурдаж, улмаар 12 дугаар сард болсон Төвийн эдийн засгийн ажлын хурлын үеэр дахин онцолсон бол саяхан болсон “хоёр чуулган”-ы үеэр ч үүнийг удаа дараалан онцолж, “хоёр чуулган”-ы үеэр яригдаж буй гол сэдэв болж, олны анхаарлын төвд оруулаад байна.

“Өндөр чанартай хөгжлийн үндсэн зорилтод хүрэхэд тууштай анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд орон нутгийн онцлог, нөхцөл байдалд тохируулан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг хөгжүүлэх нь чухал. Шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлттэй тулгарч буй энэ үед бид бүхэн боломжуудыг ашиглаж, шинийг бүтээх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Ши Жиньпин дарга хэлсэн байна.

Түүний хэлснээр, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг бий болгоно гэдэг нь уламжлалт үйлдвэрлэлийг үл тоомсорлож, орхигдуулна гэсэн үг биш. Харин энэ нь инновацийг гол тулгуур болгож, технологийн хувьсгалын ололт амжилтыг ашиглаж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг шинэлэг байдлаар хөгжүүлж, өндөр технологи, өндөр үр ашиг, өндөр чанарыг агуулсан, хөгжлийн шинэ философитой нийцсэн дэвшилтэт бүтээмжийг бий болгохыг хэлж буй юм.

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь БНХАУ-ын өндөр чанартай хөгжлийг ахиулах чухал зорилт болохыг Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн байна.

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийн хөгжлийг хурдасгахын тулд тэгвэл яах хэрэгтэй вэ?

· Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийн хөгжлийг хурдасгахын тулд инновацийг үргэлжлүүлэн гол хөшүүрэг болгох буюу инновац шингээсэн үйлдвэрлэлийг хөхиүлэн дэмжих
· Шинжлэх ухааны технологийн инновац нь шинэ үйлдвэрлэл, шинэ загвар, өсөлтийн шинэ хөшүүргүүдийг бий болгож чадах бөгөөд эдгээр нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг хөгжүүлэх үндсэн элементүүд юм.
· Шинжлэх ухааны технологийн инновацийг тодорхой үйлдвэрүүд болон үйлдвэрлэлийн сүлжээнд цаг тухайд нь нэвтрүүлж байх
· Ногоон буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн хөгжлийг илүү хурдасгах замаар нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэхэд хувь нэмэр оруулах
· Цаашид шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг хөгжүүлэхэд тохирсон шинэ төрлийн үйлдвэрлэлийн хэв маягийг бий болгох
· Эдийн засгийн тогтолцоо, шинжлэх ухаан, технологийн менежментийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг хөгжүүлэхэд саад болж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө шаргуу ажиллах
· Боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт ур чадвартай боловсон хүчин бэлтгэх ажлыг шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг бий болгох шаардлагад нийцүүлж, боловсон хүчнийг сургах, нэвтрүүлэх, ашиглах, эргэлтэд оруулах механизмыг боловсронгуй болгох ... гэх мэт.

Тодруулан хэлэхэд, шинэ чанарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг нь аж үйлдвэрийн инновацийг дэмжих, ялангуяа стратегийн ач холбогдолтой шинээр гарч ирж буй үйлдвэрүүд, ирээдүйтэй аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх, өсөлтийн шинэ эрч хүчийг бий болгоход хамгийн сүүлийн технологийн инновацийг ашиглах явдал юм.

Уламжлалт үйлдвэрүүд болон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүд нь бие биедээ харшлахгүй бөгөөд тус улс мөн уламжлалт аж үйлдвэрт инновац шингээхэд анхаарч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин болон уламжлалт үйлдвэрлэлийн хүчнүүдийг уялдуулан хөгжүүлж, харилцан дэмжих аж.

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнүүдийг ийнхүү идэвхтэй хөгжүүлж байж ирээдүйд илүү их хөгжлийн орон зай, илүү өндөр өрсөлдөх чадварыг бий болгож, уламжлалт үйлдвэрүүдэд инновацийн хүчтэй дэмжлэгийг бий болгож чадна гэж БНХАУ-ын удирдагчид үзэж байна.

Г.Солонго