Хятадын эдийн засгийн төлөвт өөдрөг байр суурьтай байна
2024-04-01 23:41:43
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн хоёр өдөр Хятадын эдийн засгийн гурван үндсэн индекс нэгэн зэрэг сэргэсэн тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

Гурван үндсэн индекс гэж нэрлэгддэг үзүүлэлтүүд нь үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI), үйлдвэрлэлийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс болон ерөнхий PMI-ийг хэлдэг. Эдгээрийн дотроос ерөнхий PMI нь эдийн засгийн ерөнхий байдлыг, PMI нь боловсруулах аж үйлдвэрийн хөгжил, өөрчлөгдөж буй чиг хандлагыг, үйлдвэрлэлийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс нь үйлчилгээний салбарын хөгжлийг голчлон тусгадаг. PMI нь улс орны макро эдийн засгийн өөрчлөлтийн барометр гэж тооцогддог бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг хянах, төсөөлөх, урьдчилан сэрэмжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хятадын хамгийн сүүлийн үеийн албан ёсны тоо баримтаас үзвэл, энэ оны 3-р сард PMI, үйлдвэрлэлийн бус бизнесийн идэвхжлийн индекс болон ерөнхий PMI гарцын индекс тус бүр 50.8%, 53.0%, 52.7% болж, өмнөх сараас 1.7, 1.6, 1.8 нэгжээр өссөн бөгөөд бүгд 50% тэлэлтийн хүрээнд байна. Тэдгээрийн дотроос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 3-р сард хагас жилийн хугацаанд анх удаагаа өргөжиж, нэг жилийн турших шинэ дээд цэгт хүрэв. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Блүүмберг зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, энэ нь Хятадын аж үйлдвэрийн салбарын хэтийн төлөв өөдрөг болж, нийт эдийн засаг тогтворжиж байгааг харуулж байна гэж мэдээлжээ.

Саяхан өндөрлөсөн Боаогийн Азийн чуулга уулзалтад Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма, Туркээс Хятадад суугаа элчин сайд Мусса болон олон улсын нэр хүндтэй хүмүүс Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж, цаашид тогтворжиж, дэлхийн эдийн засагт хөгжлийн боломжуудыг авчрах болно гэж хэлцгээв. Гурван гол индекс нэгэн зэрэг сэргэж байгаа нь гаднынхан Хятадын эдийн засгийг өөдрөгөөр хүлээж байгааг нотолж байна.

Хятадын эдийн засгийн үзүүлэлт яагаад хүний анхаарлыг татаж байна вэ? Дотоодын эрэлт сэргэж, гадаадын эрэлт хэрэгцээг өргөжүүлэхээс гадна Хятадын Засгийн газрын эдийн засгийг тогтворжуулах, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх, гадаад худалдааны бодлогыг тогтворжуулах зэрэг хүчин чармайлтын үр шимийг хүртлээ гэж шинжээчид онцлов.

Эдийн засгийн ерөнхий байдал сайжрахын хэрээр, ялангуяа хаврын баярын дараа компаниуд ажил, үйлдвэрлэлээ сэргээж, Хятадын эдийн засаг тасралтгүй сайжирч буй нь илт харагдаж байна. Одоогийн байдлаар Хятад улс томоохон хэмжээний тоног төхөөрөмж шинэчлэх, өргөн хэрэглээний барааны худалдааны шинэ үе шатыг эхлүүлсэн бөгөөд энэ нь жилийн 5 их наяд гаруй юаньд хүрэх асар том зах зээлийг бүрдүүлэх төлөвтэй байна.

Нарийвчлан авч үзвэл дээрх тоо бүртгэлд зарим шинэ онцлог зүйл бий. Тухайлбал, 3-р сард Хятадын өндөр технологийн аж үйлдвэр, өргөн хэрэглээний барааны аж үйлдвэр, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын PMI үзүүлэлт тус бүр 53.9%, 51.8%, 51.6% болж, бүгд өмнөх сарынхаас өндөр байна. Эдгээрээс өндөр технологийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн индекс болон шинэ захиалгын индекс хоёулаа 55.0%-иас өндөр байгаа нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжил тууштай урагшилж байгааг харуулж байна. Нөгөө талаар үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны хүлээлтийн индекс 55.6% болж, бизнесийн харьцангуй өндөр хэмжээнд өссөн нь Хятадын зах зээлийн сүүлийн үеийн хөгжилд компаниуд итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

Үүгээр зогсохгүй, 3-р сард үйлдвэрлэлийн индекс, шинэ захиалгын индекс, импорт экспортын индекс сайн үзүүлэлттэй гарсан нь Хятадын ерөнхий байдал сайжирч, эдийн засаг эрүүлээр хөгжих замд орж байгааг харуулж байна. Энэ нь эхний улирлын ДНБ-ий өсөлтийн хурд харьцангуй өөдрөг байгааг тусгаж, эдийн засгийн жилийн зорилтот таван хувь орчимд хүрэх бат бөх суурийг тавьж буйг шинжээчид онцолж байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Хятад улсын эдийн засгийн тогтвортой байдал, ахиц дэвшил нь дэлхий дахинд ашигтай байх нь дамжиггүй. АНУ-ын Брукингсийн хүрээлэнгийн ахлах судаач Тан Руиси онцлон тэмдэглэхдээ, Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг эрчимтэй хөгжүүлснээр "дэлхий дахинд ашиг тусаа өгөх" олон шинэлэг ололт амжилтад хүрч, дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч авчрах болно. Сүүлийн өдрүүдэд Ситибанк зэрэг олон улсын байгууллагууд Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа нэмэгдүүлж байна.