Хятад Америкийн худалдааны ажлын хэсэг дэд сайдын түвшний хурал хийв
2024-04-05 14:45:20
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн талын урилгаар Хятадын олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь 4-р сарын 2-5-ны өдрүүдэд Америкт айлчилж, тус орны Худалдааны яамны дэд сайд Мариса Лаго (Marisa Lago)-той хамт Хятад Америкийн худалдааны ажлын хэсгийн дэд сайдын түвшний анхны хурлыг хамтдаа даргалж, хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалт болон сүүлийн үеийн утсаар ярьж тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, харилцан сонирхсон бизнес, худалдааны бодлого, хоёр улсын бизнес эрхлэгчдийн тавьсан арилжааны асуудлаар бодитой, оновчтой, мэргэжлийн, прагматик яриа өрнүүлжээ.

Ван Шөүвэнь хэлэхдээ, Хятад Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлсон юм. Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар саяхан утсаар ярьж, бизнесийн болон бусад салбарт зөвшилцөх механизмыг хөгжүүлэхийг хоёр талын ажлын багуудад үүрэг болголоо. Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа нь хоёр орны харилцааг тогтворжуулах хүчин байх ёстой. Америкийн талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, харилцаа холбоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлэх таатай орчин бүрдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Тэрбээр АНУ-аас Хятадад ногдуулах 301-ийн нэмэлт татвар болон үүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа, үндэсний аюулгүй байдал гэгчийг дэндүүлж юм бүрэнд ашиглах, Хятадын компаниудад хориг арга хэмжээ авах, худалдааны арга хэмжээг мөрдөн шалгах дүрэмд өөрчлөлт оруулах, хоёр талын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, Хятадын компаниудтай шударга бусаар харьцах зэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Хурлаар хоёр талын худалдааны яам аж ахуйн нэгжүүдтэй нягт харилцаа тогтоож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг идэвхтэй судлан ярилцаж, импортын экспо, хөрөнгө оруулалтын яармаг, Хятад-Калифорнийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум зэрэг хамтран зохион байгуулдаг худалдаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд, тэрчлэн Цэвэр эрчим хүчний технологи, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд олон салбар дахь хамтын ажиллагааг хамтдаа дэмжинэ. Ажил төрлийн салбарын анхаарал хандуулж буй тодорхой стандартын асуудлаар зөвшилцлөө эрчимжүүлнэ. Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай судална. Экспортын хяналтын мэдээлэл солилцох механизмын үүргийг бүрэн гүйцэтгэж, экспортын хяналтын салбар дахь харилцаа холбоо, солилцоог бэхжүүлнэ зэрэг асуудлаар тохиролцжээ. Америкийн худалдааны дэд сайд Мариса Лаго Хятадын талын урилгаар 2024 оны сүүлийн хагаст Хятадад айлчилж, Хятад Америкийн худалдааны ажлын хэсгийн дэд сайдын түвшний 2-р хурлыг хамтран даргалахаар болжээ.

АНУ-д айлчлах үеэр Ван Шөүвэнь бас Америкийн Цагаан ордны Эдийн засгийн үндэсний хороо, Сангийн яам, Үндэсний аюулгүй байдлын яам, Худалдааны яамны холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн бөгөөд Америкийн худалдаа, аж үйлдвэрийн салбарын төлөөлөл, зөвлөх нартай санал солилцжээ.