Хятадаас Кубад үзүүлж буй тусламжийн эхний бүлэг барааг хүлээлгэн өглөө
2024-04-05 14:53:30
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хятадын засгийн газраас Кубад үзүүлсэн хүнсний яаралтай тусламжийн эхний бүлэг барааг Хавана хотын "Хосе Марти" олон улсын нисэх онгоцны буудалд хүргэж очлоо. Хятадын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Лүө Жаохүй, БНХАУ-аас Кубад суугаа Элчин сайд Ма Хүй, БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны намын удирдах бүлгийн гишүүн Хуан Ян, Кубын Ерөнхий сайдын орлогч Тапиа Фонсека, Кубын Коммунист Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Родригес нар нисэх онгоцны буудалд хүрч хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцов. Энэ удаадгийн агаарын тээврээр хүргэгдсэн хүнсний эхний бүлэг бараанаас гадна, бусад тусламжийг дараа нь агаар, тэнгисийн хосолсон тээврээр Кубад хүргэх юм байна.

Лүө Жаохүй хэлсэн үгэндээ, Хятадын засгийн газар Кубын найз нөхдийн гаргасан ахиц дэвшлээр бахархаж, Кубын найз нөхдийн хүндрэл бэрхшээлийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Өнөөдрийн тусламж нь Хятадын ард түмний найрсаг сэтгэлийн бэлэг юм. Хятадын ард түмэн үргэлж Кубын талд байх болно, бид жаргал зовлонгоо хамтатгаж, Хятад Кубын социалист хувь заяаны хамтын нийгэмлэг, сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэжээ.

Кубын ерөнхий сайдын орлогч Тапиа Фонсека Кубын засгийн газар, Кубын Коммунист Нам, Кубын ард түмний нэрийн өмнөөс Хятад улсад чин сэтгэлийн талархал дэвшүүлжээ. Тэрбээр хэлэхдээ, энэхүү хандив нь Кубын хувьд маш чухал юм. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд АНУ-ын засгийн газраас Кубад дур зоргоороо хориг тавьж, маш ноцтой сөрөг үр дагавар авчирч, нөхцөл байдлыг улам бүр дордуулсан. Энэхүү хандив нь Хятадын ард түмний Кубын ард түмэнд үзүүлж буй сайхан сэтгэлийн бэлгэдэл юм. Куба улс "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалт, дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжинэ. Мөн Куба, Хятад хоёр орон ижилхэн үнэт зүйлтэй байдаг учраас ирээдүй илүү гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна гэжээ.