Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардав
2024-04-06 10:08:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-ны өдөр НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Дай Бинь Аюулгүйн зөвлөлд үг хэлж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, Газын зурваст нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн гамшгийг дарахыг шаардав.

Дай Бинь, гуравдугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөл 2728 тоот тогтоол баталж, Газын зурваст нэн даруй гал зогсоохыг шаардсан. Гэсэн хэдий ч мөргөлдөөн 10 гаруй хоног үргэлжилж, Газад болсон эмгэнэлт явдал хүний мөс чанар, Аюулгүйн Зөвлөлийн итгэл үнэмшлийг сорьж байна. 2728 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт бөгөөд улс орнууд Аюулгүйн зөвлөлийн бүх тогтоолыг заавал мөрдөх нь НҮБ-ын дүрэмд заасан үүрэг, гишүүн орон бүр НҮБ-д элсэхдээ хийсэн амлалт юм.

Тогтоолыг даруй хэрэгжүүлж, Газын зурваст цохилт өгөхөө зогсоож, Газын ард түмнийг зовоож шийтгэхээ болихыг Хятад улс Израилд уриалж байна. Тогтоолын хэрэгжилтийг хангахад идэвхтэй оролцохыг чухал нөлөө бүхий томоохон орнуудад мөн уриалж байна. Аюулгүйн Зөвлөлийн 2728 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг Хятад улс дэмжинэ.

Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн гамшгийг яаралтай намжаахыг Хятад улс онцолж байна. Израил Олон улсын шүүхээс гаргасан түр арга хэмжээний тухай шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, Газын бүсэд тавьсан бүслэлтээ цуцалж, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлж, Рафах хот болон хуурай газрын бүх хилийн боомтыг бүрэн нээж, хүмүүнлэгийн барааг түргэн шуурхай, хангалттай, аюулгүй нэвтрүүлэх ёстой.

Израил хүмүүнлэгийн байгууллага, тус байгууллагын ажилтнууд руу халдахаа болих хэрэгтэй. Израил хүмүүнлэгийн цуваа руу дайрсныг Хятад улс эрс буруушааж байна. Израил олон улсын хууль, тэр дундаа олон улсын хүмүүнлэгийн хуулийг мөрдөж, хүмүүнлэгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад аюулгүй байдлын баталгааг хангах ёстой.

Энэ удаагийн мөргөлдөөн маш эмгэнэлтэй сургамжийг дэлхий нийтэд өгч байна. Зөвхөн "Хоёр орны төлөвлөгөө"-г бүх талаар хэрэгжүүлж, Палестин тусгаар тогтносон улсаа байгуулж, Палестины ард түмний удаан хугацаанд туулж өнгөрүүлсэн түүхэн шударга бус явдлыг засаж залруулж байж л Палестин-Израилын мөргөлдөөний харанхуй тойргоос бүрэн гарч чадна. Үүний тулд Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгохыг Хятад улс тууштай дэмжиж, Аюулгүйн зөвлөл аль болох хурдан арга хэмжээ авахыг дэмжиж байна гэжээ.