Ши Жиньпин Уэсли Симинатай хэлэлцээ хийв
2024-04-09 18:49:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 9-ны үдээс хойш ардын их хурлын ордонд Микронезын Холбооны Улсын ерөнхийлөгч Уэсли Симинатай хэлэлцээ хийжээ.

Ши Жиньпин даргын урилгаар ерөнхийлөгч Уэсли Симина 4-р сарын 5-12-ны өдрүүдэд Хятад улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрээр Микронезын Холбооны Улсын ерөнхийлөгч болсны дараа анх удаа Хятадад айлчилж байгаа юм. Хэлэлцээний үеэр хоёр орны удирдагчид хоёр талт харилцаа, хамтдаа анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо солилцлоо.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятад, Микронезын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцаж, харилцан ашигтай хамтдаа хожсон найрсаг хамтын ажиллагаа өрнүүлсний улмаар хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүргэсээр ирсэн юм. Үндэстний бүрэн эрх, тусгаар тогтнолоо хамгаалж, улс орныхоо нөхцөлд нийцсэн хөгжлийн замаар замнаж, эдийн засгаа сэргээн босгож, ардын амьжиргаагаа дээшлүүлэх Микронезын Холбооны Улсын хүчин чармайлтыг Хятад улс үргэлжлүүлэн дэмжих болно. Мөн Микронезын Холбооны Улстай хамтдаа хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор шинэ гараа болгож, бүх түвшний яриа хэлэлцээ, солилцоогоо хадгалж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны харилцааг шат ахиулахад Хятад улс бэлэн байна. Хоёр тал хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж, хамтын хөгжилд хүрч, мөн “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг ахиулж, дэд бүтцийн төслүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, улмаар соёл, эрүүл мэнд, боловсрол, орон нутаг зэргийн солилцоог эрчимжүүлэх ёстой. Микронезын Холбооны Улсын илүү олон залуучууд Хятад улсад суралцахыг урьж байна гэжээ. 

Уэсли Симина хэлэхдээ, Микронезын Холбооны Улс Хятадтай дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал харилцан хүндэтгэх, эрх тэгшээр харилцах, харилцан дотоод засаглалд үл оролцох зарчмыг чанд мөрдөж ирсэн учраас хоёр талт харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн. Микронезын Холбооны Улс нэг Хятадын зарчмыг баримталж, дэлхий дээр нэг л Хятад улс байдаг хэмээн үздэг бөгөөд БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх хууль ёсны цорын ганц засгийн газар, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэгэн хэсэг гэдгийг баримталдаг. Мөн Тайван, Хонконг, Шиньжян, Төвөдтэй холбоотой Хятадын язгуур ашиг сонирхлыг хүндэтгэн дэмжинэ. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг нь хөгжиж буй орнуудын хамтын хөгжилд маш их дэмжлэг үзүүлэх бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Хятад улсын Микронезийн Холбооны Улс зэрэг Номхон далайн арлын орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны турш нандин дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна. “Бүс ба Зам” хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, загас агнуур, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах, ногоон хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичиг үзэглэхэд оролцжээ.