Ши Жиньпин Сергей Лавровтой уулзав
2024-04-09 16:39:00
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятад Орос дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хятад Орос хамтран том гүрнүүд, хөрш орнууд эв найртай байж, хамтран ажиллаж хамтдаа ашиг тус хүртэх шинэ замыг нээж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээгээд зогсохгүй, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахад хамтын хувь нэмрээ оруулсан юм. Үргэлжлүүлэн нягт хэлхээ холбоотой ажиллаж, Хятад Оросын харилцааг тогтвортой хөгжүүлэх тухай Путин ерөнхийлөгч бид санал нэгтэй тохиролцсон юм. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад Оросын соёлын жилийн арга хэмжээ зэргийн боломжийг ашиглан бидний тохиролцсон нийтлэг ойлголтуудыг бодит болгон хэрэгжүүлэх хэрэгтэй.

Оросын ард түмэн өөрийн орныхоо үндэсний нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятад улс дэмжих бөгөөд терроризмтой тэмцэж нийгмийн аюулгүй тогтвортой байдлаа хамгаалахыг мөн дэмжинэ. Хятад Оросын харилцааны хөгжилд Хятадын тал дээд хэмжээнд анхаарал хандуулж, зөвшилцлөө нягтруулж, БРИКС, ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээн дэх зохицуулалтаа эрчимжүүлж, улам илүү хариуцлагатай байр сууриа харуулж, тэгш шударга, нээлттэй, ил тод, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу "дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас"-ын улс орнуудтай хамтран ажиллаж, улмаар глобал засаглалын өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад Хятадын тал бэлэн гэжээ.

Сергей Лавров хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс дэлхийг гайхшруулсан амжилт тогтоож байна. Энэ нь бусад улс орнуудад чухал боломж олгож байна. Үүнийг Оросын тал биширч хүндэтгэлтэй хандаж байна. Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Хятадтай харилцаагаа бүх талаар бэхжүүлэх явдал болно. Ерөнхийлөгч В. Путин Оросын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон нь Орос Хятадын харилцааны тогтвортой байдлыг баталгаажуулсан юм. Хятад Оросын харилаа нь эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд суурилдаг тул хүйтэн дайны үеийн холбоотны харилцаагаас ч давсан байдаг. Бид Хятадын талтай хоёр орны төрийн тэргүүн нарийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлж, хоёр талт харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн олон улсын илүү шударга дэг журмыг бий болгоход хүчин зүтгэхэд бэлэн гэжээ.